Рашааны тухай ойлголт

Рашаан – биологийн идэвхит бүрдэлүүдийн агуулга, ионы, давсны болон хийн найрлагын цогцолбор хэлбэрээрээ хүний биед эмчилгээний идэвх үзүүлдэг байгалийн ус юм.
Байгалийн рашаан ус – усан давхарга нь антропогений (хүний нөлөөгөөр үүсэх) үйлчлэлээс шавар, хөрсөн давхаргаар хамгаалагдсан гарвал зүйтэй, органик ба органик биш гаралтай техногений (техникийн үйлдэлээр үүсэх) бүрэлдхүүнийг анхны хэвийн нөхцөлдөө агуулаагүй, тодорхой нутаг дэвсгэрт тогтвортой химийн найрлагатай ус.


Рашаан – эмчилгээний зориулалтаар уух, эмчилгээ ундааны зориулалтаар уух, бальнеологийн* буюу гадуур хэрэглэх зориулалттай гэж ангилагдана.


*Бальнеологи – – эмчилгээний рашаан ус, тэдгээрийн үүсэл; физик-химийн шинж чанар; янз бүрийн өвчний үед организмд үзүүлэх нөлөө; сувиллын ба сувиллын бус нөхцөлд рашааныг хэрхэн хэрэглэх заалтыг боловсруулж судалдаг рашаан эмчилгээний (курортологи) нэг салбар. Бальнеологийн шинжлэх ухаан гидрогеологи, физик, хими, биологийн хими, биологийн шинжлэх ухааны ололт амжилт дээр тулгуурлан хөгжиж байна.


Рашаан усны эмчилгээний үйлдлийг шинжлэх ухааны үндэслэлтэй тайлбарлах анхны оролдлогуудад тэдгээрийн химийн найрлагыг авч үзэж тайлбарласан байдаг. “Химийн найрлагын хэмжүүр” нь рашаан усыг ангилах ангиллын үндэс бөгөөд (жишээлбэл, Францад–Лераугийн ангилал, Орост Г.Н.Гессийн ангилал, 1825) янз бүрийн үед дэвшүүлж байсан ангиллуудад «рашаан ус» гэсэн нэрийн дор рашаан нь жирийн ундны уснаас химийн найрлагаараа ялгардаг тухай ойлголтыг авч үздэг байна.

Ихэнх орнуудад «рашаан ус» гэсэн ойлголтыг  тодорхойлохдоо 1000 мг/дм3 болон түүнээс дээш уусмал бодисыг заавал агуулсан; нэг болон хэд хэдэн өвөрмөц бүрэлдэүүнтэй (Li, Sr, Ba, Fe, Mn, Br, I, F, As, B, H2S, H2SiO3, CO2, Rn гэх мэт); хүний бие махбодид эмчилгээний нөлөө үзүүлдэг чанараараа энгийн ундны уснаас ялгарах ус гэж онцлон тэмдэглэсэн байна.

Рашаан усны найрлагад хоорондоо нягт холбоотой 4 бүрэлдхүүн байдаг:
– органик биш эрдэс бодис (ион, микроэлемент)
– хий
– органик бодис
– микроорганизм–микрофлор тус тус болно.