ОНЛАЙН ЗАХИАЛГА ЗАХИАЛГА ӨГӨХ

Сувиллын байршил

Галтын халуун усны рашааны орд нь
Хөвсгөл аймгийн Галт сумын Рашаант багийн нутагт,
Галт сумын төвөөс урагш 25 км,
Мөрөн хотоос урагш 163 км,
Улаанбаатар хотоос 550 км зайд (агаарын зайгаар)
далай төвшнөөс 1750 метрт өргөгдсөн,
умард өргөргийн 48o33’48.7’’
дорнод уртрагийн 99o53’10’’ солбилцолд
Тарвагатайн нурууны салбар уулсын дунд хасах цэнэгтэй ионоор баялаг цэвэр ойн агаар, халуун, хүйтэн рашаан хосолсон онцгой ховор орд газарт оршино.

Сувиллын иж бүрэн
тусламж үйлчилгээ

Галтын рашаан сувилалд сувиллын тусламж үйлчилгээг иж бүрнээр нь авч, та эрүүлжих, чийрэгжих, өвчлөлөөс урьдчилан сэргийлэх боломжтой. 

Сувилалд уламжлалтын болон сэргээн засах эмчилгээг хийлгэн эрүүлжих,  чийрэгжих, өвчлөлөөс урьдчилан сэргийлэх болно.

Радон бүхий хүний биеийн халуунтай ойролцоо хэмтэйгээр ундардаг халуун рашааны ундарга, рашаан бассейн, рашаан баннд орж, бариа хийлгэн, шавар тавиулж, ойн цэвэр, цэнгэг агаар бүхий орчинд идэвхтэй хөдөлгөөн, дасгал хийснээр таны ядаргаа тайлагдаж, нойргүйдлээс салах болно.

Сувиллын орчмын
түүх соёлын дурсгалт болон байгалийн үзэсгэлэнт газар

ТҮҮХ СОЁЛЫН ДУРСГАЛ
Галт сумын нутагт олон мянган жилийн урьд эртний хүмүүсийн орогнож байсан овоохой, гэр хад, агуй, булш, Хиргисүүр зэрэг түүхийн дурсгалт газар олон бий. Сүг зурагтай хад чулуу, буган хөшөө, чулуун ба хүрэл зэвсгийн үлдэц олон газраас олджээ. Мөн аялагч жуулчдын сонирхлыг татсан байгалийн нэн ховор тогтоцтой газар олон байдаг. Эдгээр газрууд нь рашаан сувиллаас 17-60 км-ийн зайд байрлана.

Хөшөөтийн амны чулуун хөшөө (Зураг 1-3)


Хөвсгөл аймгийн Галт сумын гуравдугаар багийн төвийн дэргэдэх чулуун овооны дунд хоёр эгнээ зургаан буган хөшөө бий. Эдгээр буган хөшөөнд нь 2.1-2.7 м өндөр, 0.3-0.7 м өргөн саарал өнгийн боржин чулуугаар бүтээгдсэн бөгөөд хөшөөд дэх бугын дүрсүүд, тойрог дүрс, бүслүүр, чинжаал хутга, байлдааны сүх зэрэг нь цагийн эрхээр элэгдэж эмтэрсэн боловч мэдэгдэхээр хадгалагдан үлджээ. Мөн яст мэлхийтэй төстэй сүг бий. Судлаачид энэ дурсгалыг Киргизийн үед хамаарна гэж үздэг. Домогт бол-элир цагт энэ газар дайн болоод эвлэрч салахдаа хоёр тал энэ хөшөө босгосон гэдэг. Харсан зүгтээ одсон хэд нь Салбартад очоод Харцат нэр төрүүлсэн: бурхан тахилаа ачаад мордсон хэсэг нь

Бумбатад очсон. Гал харагдах газар очноо гэж өгүүлдэг. Хөшөөтийн хөшөөний хавьд маш олон хиргисүүрийн бүрэн цогцолбор бий. Энэ нь дайнд сүйдсэн цэргийнх гэж домогт өгүүлдэг. Хөшөөтийн булан бол Галт сумын нэгэн том хужир маргааны цэг бөгөөд отор их ирнэ. Хөшөөтийн өндөр толгойноос булангаа захалсан Чулуун хөшөөнүүд явсаар дээрхи 6 нь буган хөшөөн дээр очдог. Албан томъёололд Галтын Буган хөшөө гэж нэрлэгддэг.

Нүхтийн амны буган хөшөө Хөвсгөл аймгийн Галт сумын төвөөс хойш 10 км зайд Идэр голын хөндий рүү хойноосоо орж ирсэн амыг Нүхт гэж нэрлэх бөгөөд энд хүннүгийн үед холбогдох дугуй чулуу далантай 100 булш, тэндээс баруун хойно 50 м зайд хоёр буган хөшөөтэй бий. 1-р буган хөшөө: Хар ногоон өнгийн гантиг чулууг засалгүй хийсэн бөгөөд түүний нүүрэн талын өргөн хавтгайн дээд хэсэгт нар, их биенд таван бугыг толгойгоор нь хөшөөний дээд талруу жишүүдүү хандуулан загварчлан дүрслээд ар талын өргөн хавтгайд мөн адил дөрвөн буга урласны доороосоо хоёр дахийг толгойгоор нь хөшөөний доод талруу хандуулан сийлжээ. Хөшөөний зүүн талын нарийн хавтгайн дээд хэсэгт нэгэн бугыг хошуугаар нь дээш нь хандуулж дунд хэрд бамбай, түүнээс хоёр бугыг зөрүүлэн нэгийг нь хошуугаар дээш, нөгөөг доош харуулан мөн загварчлан дүрсэлжээ. Хөшөө 1,8 м өндөр, 0,6 м өргөн, доогуураа 0,4 м дээгүүр 0,15 м зузаан.

Гүртийн цагаан хөшөө (Зураг 4)

Энэ хөшөө Гүртийн булууны баруун талд Халуун усны голын чанх эхэнд бий. Хөшөөний өндөр 5-6 метр орчим, өргөн нь доод талдаа 1.5 м, үзүүртээ 25 см орчим, зузаан нь хүний биеийн хиртэй болно. цагаан хөшөөг цайвар өнгийн боржин чулуугаар босгосон байдаг. Далай чойнхор вангийн хошууны анхдугаар ноён Гүмбэ энд үхсэн тул Гүртэд бунхалж энэ хөшөөг дурсгалд нь босгосон гэдэг бол өөр хувилбарт өвгөн ноён Гэмпилдорж энэ хөшөөний дэргэд хахаж үхэхэд нь уул хөшөөг босгуулсан гэдэг. Энэ хөшөөнд ямар нэгэн сүг, бичиг сэлт үгүй. Эцгийн эрхт ёсны үеэс л манай үед уламжилсан дурсгал мэт харагддаг юм.

Гэлэнхүүгийн суврага (Зураг 5)

Хөвсгөл аймгийн Жаргалант сумын төвөөс хойд зүгт 10 км зайд уулын дөрөлж дээр нэгэн суврага байх ба үүнийг Гэлэнхүүгийн суврага гэж нэрлэнэ. Тус нутагт амьдарч байсан Гэлэнхүү гэдэг хүн насны эцэст өөртөө зориулж бүтээн босгосон байна. Энэ хүн 1880 аад оны сүүл 1890 ээд оны эхээр төрж, 10 орчим насандаа хүрээ хийдэд шавилан суусан хэдий ч шашны ном, зан үйлтэй тэрсэлдэн хөөгдөж хөдөө гарч амьдарчээ. Угаас сэргэлэн цовоо, олон талын зүйлийн сонирхон монгол хүний ухаанаар сэдэж бүтээх ажил олныг хийж байсан нь өнөөг хүртэл нутгийн олонд домог болж хуучлагдан үе дамжин ярьсаар иржээ. Тэрээр өөрийн төрж өссөн дэвүүр гэдэг газар тарвага нутагшуулах, голын усыг боон шуудуу татан ногоо жимс ургуулах болон ур дарх хийн олон түмэнд хүндэгддэг байсан нь 8-р Богд Жавзандамбаас “Жадамба” зэс барыг урлахад халхын нэрт урчуудтай хамт уригдан очиж бүтээлцэж байсан байна.
Насны эцэст буян үйлдэхийн тулд өөрийн гараар сувраганд орох материалыг цуглуулж шүншигт нь өөрийн дархны нарийн багаж хэрэгслэлийг хийн суврага бүтээн босгосон гэдэг. Сувраганы сэнтий нь 2,5 метр квадрат эзлэн бумба, гонхорын хамт 3 м өндөр, улаан шаргал боржин чулууг засан хавтгайлан дөрвөлжлөн өрж шавраар чигжин босгожээ. Суврагыг барихдаа амыг нь зориудаар хойд зүг харуулан барьсан нь уг хүний сэтгэлийн илэрхийлэл байж болох талтай. Суврага нь ариун санваартан, бурхдыг сахиуслан хадгалах байр буюу түүхэн үйл явдалд зориулан уул газар нь барьж байгуулдаг барилгын байгууламж юм. Гэлэнхүүгийн суврага нь хувь хүний дурсгалын сувраганы төрөл зүйлд багтан орох юм.

Хужиртын хүрээ Одоогийн Хужирт багийн төв дээр 1862 онд анх энэ хүрээг байгуулжээ. Нарийн Хужиртын дун уулын билд гэрт хурж байснаа газар соногож энд нүүж иржээ. 1000 адуутай Дээд багш гэдэг хүн уул газрыг шинжсэн ажээ. Энэ газар нь сайн ажвал усанд хошуугаа дүрэн зогсох гурван заан мэт дүрстэй. Хүрээний ерөнхий байдал нь ардаа сахиусын Гарав, Чогчин, урдаа бол Чогчин, Хуйн сүмтэй мөнхүү дээрээ модон гэртэй Навхаан сүмтэй бас онцгой Нүгийн сүм гэдэг сүмүүдтэй байжээ. Байнгын 200-д ламтай байв. Хошуудад залардаггүй хоёр том лам энэ хүрээнд заларч байжээ. Ерөнхийдөө хүн, хог, нохой ихтэй томоохон суурин байжээ. 1926 онд энэ хүрээний нярав, Дэлэг баян одоогийн чулуун суваргыг бүтээлгэсэн түүхтэй. Сүүлчийн хамбаар нь аринжамба Гэндэнпил гавьж сууж байгаад 1937 онд баригдав. Тус хүрээнд бороо цас даадаг лам олон байсан бөгөөд ламтан багш гэгч нутгийнхан гол сүм, суваргаа сэргээжээ. Энэ хүрээний гол сахиус нь Бор лхам бурхан болно. Дашзэвэг гэгч зартай сайн гөрөөч энэ бурханыг нууцлан өнөө үетэй учруулсан гавъяатай.

Хөөнгийн хүрээ (Зураг 6)

1755 онд нутгийн лам Жамц анх байгуулсан Бадмаанямбуу уулын өвөрт Идэрийн голын хөвөөнд байх энэ хүрээ бол Далай чойнхор вангийн хошууны ууган хүрээ юм. 300-аад лам энэ хүрээнд байнга шавьлан сууж байв. Сүүлийн хамба Цогт-Аюуш 1938 онд 85 насандаа хилмэгдсэн байна. Баригдсан гэдэг шавь нараас нь 3 хүн арван жилийн дараа иржээ. Хувилган Норинпил гэдэг лам сүүлчийнх нь бөгөөд цас, бороо даадаг чадалтай лам байжээ. Тус сумын хүрээдээс Манжийн хаанаас олгогдсон жоф тамгатай албан ёсны ганц хүрээ байв. Хөөнгийн хүрээ 1937 он хүртэл хурж байжээ. Сонин түүхт суваргатай, Майдар эргэх том баяр хийдэг хүрээ байжээ. Отгон шавь нь болох Түвдэч И.Дэмбэрэл ламыг энэ хүрээний сүүлчийн цорж Сумъяагийн хойт дүр гэдэг. 

Тус хүрээг 1940 онд буулган Идэрийн голоор урсгаж Зүрхийн бага сургуулийг босгожжээ. Бурхан тахил судар номыг нь шатаан устгажээ. Өлзийбатын отряд 1932 онд ногоон малгайт Д.Дамдинсүрэнг буудаж хүрээ орох зам дээр ил хаяад, хүрээн дээрээ хурж байсан лам нарын заримыг нь буудаж, заримыг нь барьж явсан түүхтэй. Хөөнгийн хүрээг 1993 онд нутгийн сүсэгтэнүүд сэргээн босгож гол сүмийг нь барьжээ.

Хайлантай (Зураг 7)

Хөвсгөл аймгийн Галт сумын нутаг Зүрх багийн зүүн урд хэсэгт оршино.
Тус багийн хамгийн үзэсгэлэнт нутаг. Галт сумын отрын гол бүс. Зун айл мал байдаггүй. Хайлантайг их Хайлантай, нарийн Хайлантай гэж ангилдаг. Аль алинд нь урсгал, гар худаг олонтой. Их Хайлантайн даваагаар эрт цагт нэгэн гүнж жуузтай давах болоход нь одоогийн машин явдаг замыг зассан домогтой бөгөөд энэхүү замыг Гүнжийн зам гэж нэрлэдэг байна. Хайлантайн хөндийд мод битүү ургасан байдаг. Үүнээс өөр үргэлжилсэн их Хайлаасан ой тус суманд үгүй. Хайлантайд шинэс, хус, бургас, яргай холилдон ургаж онцгой гоёмсог төгөл үүсгэсэн байдаг бөгөөд энэ нутгаар үзэсгэлэнт Чулуутын гол дайран өнгөрдөг байгалийн үзэсгэлэнт газар юм. Хайлаасан ойгоор нь Хайлантай гэж нэршсэн бололтой.

Овоот хайрхан (Зураг 8)

Рашаант багийн нутагт оршино. Хүрэн зэв шиг ганган шовх оргил нь цул хүрэн хадан хясаанаас үүссэн. Сумын төвөөс ч харагдана. Гурван жилд нэг тахидаг ганц шүтээн уул бол Овоот уул юм. Лам нар бага Овоотоос нь тахиж ёслоно. Овоотын оройгоос мэддэг хүнд Халхын долоон хошуу харагдана гэж ярьдаг. Овоотын оройд байдаг хадны тогтоол усанд нь загас байдаг. Овоотоос Галт сумын бүх нутаг уул харагддаг онцлогтой. Овоотын тухай дуу, шүлэг, магтаал, ерөөл олон бий.


Тэмээн чулууны хяр (Зураг 59-60)

Хужирт багийн нутагт байх Тэмээн чулууны хяр хэмээх уулс нь Гүрт, Байшинт хоёрын завсар уулс юм. Тэмээн чулууны хярын оройных нь хадан цохиод ус руу цувах тэмээд шиг үзэгдэнэ. Домогт эрт цагт хангай газар тэмээ тогтооох гэж тэнгэрээс энэ чулууг унагаж тэмээ тогтоосон гэх бөгөөд хангайн ууланд тэмээ идээшсэн гэж өгүүлнэ. Мөн тэмээн чулууны агуйд үргэлж даян хийдэг Яргайтын лам гэж байжээ. Энэ агуйн амнаас долоон хошуу харагддаг гэдэг. Тэмээн чулууны хярын орчин нь байгаль эхийн бүтээсэн гайхамшигт үзэсгэлэн төгөлдөр газар бөгөөд энд тун цөөн хүний мөр гарсан газар юм. Рашаан сувиллаас энэ зүгт аялахад 20 орчим км машинаар явж, цааш мориор 3-4 цаг явж хүрнэ. Энд ховор ургамал, амьтан элбэгтэй, самар жимс ихээр ургана.

Ургамлын аймаг
Хөвсгөл аймгийн Галтын сувиллын орчны хөрс нь ургамал ургахад нэн тохиромжтой, байгалийн үржил шим сайтай. Энэ орчин нь ургамлаар нэн баялаг юм. Сүүлийн жилүүдэд төсөл хэрэгжүүлэгчийн санаачлага оролцоотойгоор орчны байгаль хамгаалалт сайжирснаар сувиллын хашаан доторхи ургамалын нэр, зүйл нэмэгдсэн. Одоогоор тус сувиллын эдэлбэр газарт нийт 32 овгийн 70 төрлийн 89 зүйлийн ургамал ургаж байна. Биелэг, Тарна, Башир, Буурцагтан, Уруул цэцэгтэн, Нийлмэл цэцэгтний овгууд олон төрөл зүйлтэй байна.


Мөн сувиллын цэцэрлэгт Монгол орны улаан номд орсон болон нэн ховор, ховор хөх удвал, дагуур нохойн хошуу, алтан хундгана, мөнгөн хундгана, цээнэ, алтангагнуур, балжингарав, үлдэн могойн идээ, юмдүжин, сургар, хар шарилж, ганга зэрэг ургамлыг нутагшуулан тариалсан байна.

Амьтны аймаг
Энэ орчинд биологийн төрөл зүйл 16 баг 47 овогт хамаарах 227 зүйлийн шувуу, 6 баг, 15 овогт хамаарах 46 зүйлийн хөхтөн, 2 зүйлийн хэвлээр явагч, хоёр нутагтан, 12 зүйлийн загас бүртгэгдэж тэмдэглэгдсэн байна.
Шувуу: Шувууны зүйлийн бүрдэлд экологийн хувьд ус нуур, намаг, ой хөвч, бургас шугуй, бут сөөгтэй холбоотой лимнофиль, дендрофиль болон ил задгай хээрээр шувууд нэлээд давамгайлж байна. Тухайлбал Галтын рашааны орчмын болон голын эрэг орчмын хуурай хээр, нуга, уул аараг толгодоор ил задгай нутагт амьдрах бүргэд, харцага, сар, хэрээ, шаазгай, ууль, шар шувуу, алтан хараацай, хонин хараацай, хөх цэцгий, хөхөө, элээ, алагтуу зэрэг зүйлүүд илүү тааралдана. Анхилуун цэцэрлэг доторх булагт сүүлийн 5 жил нугас, ангир ирж зусдаг болсон байна.
Хөхтөн: Нутгийн хөхтөн амьтдын зүйлийн бүрдлийн зонхилох хэсгийг манай орны ойт хээр, хээрт өргөн түгээмэл тохиолдох гахайг буга, бор гөрөөс, хярс, нохой зээх зэрэг амьтад бүрдүүлж байна. Энд тарвага, зурам, туулай, тагийн огодой, сээтэн хөх оготно, усч гэрэлзгэнэ зэрэг мэргэчид мөн өмхий хүрэн, мануул мэр сэр бий.
Загас: Галт халуун рашаан орчмын голууд дахь 10-аад зүйлийн загастай. Үүнд: Алгана-Perca fluvitilis, Цурхай-Esox lucius, Улаан нүдэн-Rutilus lacustris, Зэвэг-Вrachymystax lenok, Сибирь хадран-Thymallus arcticus arcticus, Гутаарь-Lota lota, Сахалт эрээлж-Nemachilus barlatulus toni, Сахалт яралж, Ердийн гүрц, Нүцгэн жараахай-Rhoxinus lagowskii г.м эдгээрээс эхний 6 нь агнуурын ач холбогдолтой. Гэвч эдгээр загасны нөөц нь нарийн судлагдаагүй бөгөөд нөөцийг нь нарийвчлан судалж, зохих хууль тогтоомжийн дагуу шийдвэр гаргасны үндсэн дээр спорт агнуурын чиглэлээр загас агнах боломжтой.

Хөвсгөл аймгийн түүх соёлын дурсгалт болон
байгалийн үзэсгэлэнт газрууд

Галт сумын түүх соёлын дурсгалт болон
байгалийн үзэсгэлэнт газрууд

ОНЛАЙН ЗАХИАЛГА ЗАХИАЛГА ӨГӨХ