Монгол улс XXI зуунд байгаль орчныхоо унаган төрхийг хэвээр хадгалах, дэлхийн бусад орны адил экологийн тэнцвэрийг хангах хөгжлийн чиг баримжааг сонгон хэрэгжүүлж эхлээд байна. Экологийн бодлогын салшгүй нэгэн хэсэг нь ус, түүний дотор эмийн бус эмчилгээний хүчин зүйл болдог байгалийн рашаан усаа зохистой ашиглах, бохирдол хомсдлоос хамгаалах явдал юм. Байгаль цаг уурын хувиралт өөрчлөлт хийгээд хүний хүчин зүйлийн хам нөлөөгөөр зарим нэг рашааны орд газрууд дээр өөрчлөлт явагдаж байгаа нь ажиглагдах болсон байна.
Рашааны эх үүсвэрийг хомсдол, бохирдлоос хамгаалах, физик химийн үзүүлэлт нь тогтвортой байж стандартын шаардлага хангасан байх шаардлагатай тул Рашааны хамгаалалтын (ариун цэвэр, хориглолт, хамгаалалтын) бүсийг тогтоон ажиллаж байна. Байгаль орчныг хамгаалахад иргэн бүрийн үүрэг, роль хамгаас чухал. Иймд хамгаалалтын бүсэд хориглосон үйлдлийг үйлдэхгүй байх, үйлдэж байгаа тохиолдолд иргэн та зохих шаардлагыг тавьж байх үүрэгтэй.