Рашаан сувилал руу аялах хөтөч

Улаанбаатар хот Монгол орны төв хэсэгт Хэнтий нурууны төгсгөл уул болох дархан цаазат Богд хаан уулын өвөр, Туул, Сэлбэ, Дунд голын бэлчирт д.т.д 1350 м-т оршдог, 470000 га нутаг дэвсгэртэй. Засаг захиргааны хувьд 9 дүүрэг, 132 хороонд хуваагддаг.

Монгол улсын нийслэл Улаанбаатар хотын түүх үүсэл нь XVII зууны үеийн Монгол орны улс төрийн байдалтай нягт холбоотой. Их хүрээ 1640-1855 оны хооронд нийтдээ 21 удаа нүүж байсан гэдэг.
Нүүдлийн өргөө /1639-1778/: 1639 онд одоогийн Өвөрхангай аймгийн Бүрд сумын нутагт Цагаан нуур буюу Ширээт нуур гэдэг газар шашны тэргүүнээр Занабазарыг өргөмжлөхдөө түүнд зориулж Орд-Өргөөг байгуулж өгчээ. Энэ өргөө нь өнөөгийн Монгол улсын нийслэл Улаанбаатар хотын үүсэл болсон гэж үздэг. Занабазар 1700 онд Төвдөөс эх нутагтаа буцаж ирээд өргөөгөө өөрийн аж төрж амьдрах гол газар төдийгүй Монголын шарын шашинтны төв болгон өргөтгөх ажлыг хийж эхэлжээ. Өргөө нь Монголын шарын шашны төв, Халх Монголын улс төрийн төв, гадаад дотоодын худалдааны чухал зангилаа голомт болж байсан байна. 1706 онд Цэцэрлэгийн Эрдэнэтолгой гэдэг газар Батцагаан хэмээх цогчин дуган барьсан нь Их хүрээний суурь болсон юм. Их хүрээ нь 1719 онд Дааган дэлд, 1720 онд Усан сээрт, 1722 онд Тамирт, 1723 онд Жаргалантад, дараа нь Ээвэн голд, 1724 онд Угтаал Жаргалантад, дараа нь дахиад Ээвэн голд, 1729 онд Хужирбуланд буюу Жаргалантад, дараа нь Бургалтайд, 1732 онд Сөгнөгөрт, 1733 онд Тэрэлжид, 1734 онд Улиастайд, 1736 онд Хүй мандалд, 1740 онд Хунцалд, 1742 онд Үдлэгт, 1743 онд Өгөөмөрт, 1747 онд Сэлбэд тус тус 30 жилийн дотор 17 удаа нүүдэллэжээ.

Их хүрээ /1778-1910/: Их хүрээ 1778 оноос Хан уулын өвөр, Хатан туулын хөвөө, сэрүүн Сэлбийн дэнж, “Хүн чулуу”-ны хонхорт (одоогийн ГХЯ-ны зүүн талд) дахин нүүснээр 1855 оноос Их хүрээ хот болон суурьшиж эхэлсэн явдал нь энэ үеийн гол онцлог байлаа. Монголын урчууд сүм дуганыг барьж байгуулахдаа үндэснийхээ барилга ялангуяа гэрийн уламжлалыг чадамгай ашиглан хөгжүүлсний зэрэгцээ Хятад, Төвд уран барилгын уламжлалаас хэрэглэж байжээ. XIX зууны үед Их хүрээ зөвхөн шашны төв төдийгүй Монгол орны улс төр, засаг захиргаа, соёлын чухал төв, худалдаа харилцааны том зангилаа болж жинхэнэ хот болон хувирсан. Энэ үед Их хүрээний нийт хүн ам 15-20 мянга орчим байсан болов уу гэж үздэг. Их хүрээ хотод Гандан, Зүүн хүрээ, Баруун дамнуурчин, Маймаа хот, Консул сайдын яам, Дамбадаржаа зэрэг газрууд хамаарагдаж байсан. Их хүрээ нь XIX зууны эцэс гэхэд Монгол орны шашин, улс төр, худалдаа, үндэсний болон нийгмийн зөрчил тэмцлийн гол зангилаа төв болж чадсан юм.

Нийслэл хүрээ /1911-1921/: Сэргээн байгуулагдсан Монгол улсын нийслэл болсон үе. 1911 онд VIII Богд Жавзандамба хутагтыг сэргэн мандсан Монгол улсын шашин, төрийг хослон баригч эзэн хаанд өргөмжлөх ёслол Их хүрээнд болсон ба Богд хааны зарлигаар Их хүрээг Монгол Улсын нийслэл хот хэмээн нэрлэх болсон байна. Нийслэл хүрээ улс орны амьдралд онцгой үүрэг гүйцэтгэх болсон.

Улаанбаатар хот /1921 оноос одоог хүртэл/: 1924 онд хуралдсан Улсын анхдугаар их хурал, мөн оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 14 дүгээр `хуралдаанаар Нийслэл хүрээг БНМАУ-ын нийслэл хот гэдгийг хуульчилж хотын нэрийг Улаанбаатар хэмээн нэрлэх шийдвэр гаргажээ. 1954 онд анх удаа Улаанбаатар хотыг хөгжүүлэх 20 жилийн хэтийн ерөнхий төлөвлөгөөг боловсруулж хэрэгжүүлж эхэлсэн. 1990-ээд оны зун Монголд анх удаа олон намын оролцоотой ардчилсан сонгууль явагдсан. Энэ сонгуулийн үр дүнд Монголд анхны байнгын ажиллагаатай, олон намын бүрэлдэхүүнтэй парламент Улсын бага хурал байгуулагдсан. 1992 онд Монгол улсын шинэ үндсэн хууль (4 дэх) батлагдсан. Монгол улсын Үндсэн хуулинд “Монгол улсын нийслэл нь Улаанбаатар хот мөн” гэж заасан юм. Нийслэл нь өөрийн туг, бэлэг тэмдэгтэй.


Нийслэлийн сүлд тэмдэг Нийслэлийн сүлд тэмдэг нь мөрөвчит дугуй дүрсний төвд Богдхан уулын уламжлалт шүтээн Хангарьд байна. Хангарьд нь бат түвшин эрэмгий байдлыг илэрхийлж Нийслэл хот өргөжин хөгжиж алдар нэр нь тив дэлхийд мандан бадрахын утга санааг агуулна. Нийслэлийн сүлд тэмдэг Хангарьд нь магнайдаа төрт ёс, эрдэм мэдлэгийн бэлгэдэл соёмботой, баруун гартаа түмэн олондоо үүд хаалгаа цэлгэр сайхнаар нээж өөдлөн дэвшихийн санааг илэрхийлсэн очир бариулт түлхүүртэй, зүүн гартаа ариун тэгш оршихуйн баталгаа бадам цэцгийг нандигнан барьж, аливаа хорын үндсийг эгнэгт устган дарах санааг гишгэн зогсож буй могойгоор илэрхийлсэн байна.

suld_temdegНийслэлийн туг нь мөнх хөх тэнгэрийн өнгөтэй байна. Хөх дэвсгэр дээр Нийслэлийн сүлд тэмдгийг цагаан торгоор дүрслэн алтлаг өнгийн утсаар зээглэн урлана. Нийслэлийн туг нь Нийслэлчүүд ариун цагаан сэтгэлээр төрт ёсоо дээдлэн, мандан бадрахын утга санааг бүхэлдээ агуулна. Тугны хэмжээ нь 1:1,5-ын харьцаатай


Төв аймаг Төв аймаг нь 74 мян км2 газар нутагтай. Аймгийн төв Зуунмод хот нь д.т.д 1529 м өндөрт, Улаанбаатар хотоос 43 км зайтай оршино. Аймгийн ихэнх нутаг Монголын төв хэсэгт Хэнтий нуруу ба түүний захын намхан уул талыг эзлэн оршино. Хэнтий нурууны оргил Асралтхайрхан 2800м, Богд хан 2256м, Хийдийн сарьдаг, Алтан өлгий зэрэг том уулуудтай. Аймгийн нутгаар Туул, Хараа зэрэг том голууд, том жижиг нуурууд бий. Аймгийн нутаг ой тайга ихтэй бөгөөд олон зүйл ургамалтай, ой тал хээрийн амьтад ихтэй. Хойд хэсгийн нутгаар газар тариалан хөгжүүлсэн, манай улсын тарианы гол талбай бүхий нутаг. Улаанбаатар хотоос хамгийн ойр оршдог аймаг.

Молцог элс нь Төв аймгийн Аргалант сумын нутагт оршдог бөгөөд Улаанбаатар хотоос 83 км, Монголын аялал жуулчлалын гол зам дагуу оршдог Ойт хээрийн бүсэн дотор говь нутгийг санагдуулмаар тогтсон байгаль эхийн хишиг гэлтэй газар юм. Молцог элс нь тун нарийн ширхэгтэй /хүний аманд ороод ихэнх нь хайлаад алга болдог/, давсаг, бөөр, нуруу, үе мөчний өвчинг илааршуулах үйлчилгээтэй. Молцог элс болон түүний орчимд говьд ургадаг таана, хөмүүл, мангир, тэхийн шээг, мойлны бутлаг мод зэрэг 50 гаруй зүйлийн ургамал, цэцэгс ургадгын 50 гаран хувь нь эмийн ургамал юм. Энэ нь уг элс эмчилгээний шинжтэй гэдгийг давхар нотлон харуулж байна. Молцог элсийг алсаас өндөрлөг газраас харахад ногоон талд сүүний загсаасан өрөм мэт шаргалтан харагдах нь нэн үзэсгэлэнтэй. Молцог элсийг 1998 онд УИХ-ын 15-р тогтоолоор Улсын тусгай хамгаалалттай газраар тогтоосон.

Туул гол Хар Туулын хөндий, Сонгинохайрханы булангаар Хэрэйд ван хаан, Жамухынхан нутаглан, Тэмүжин, ван Тоорил хантай анд бололцож байсан түүх байдаг. Бага Хэнтий нуруунаас эх аван урсах Хатан Туул гол Төв аймгийн Эрдэнэ, Мөнгөнморьт, Алтанбулаг, Өндөрширээт, Лүн, Заамар зэрэг сумдын нутгаар урссаар 819 км замыг туулж Орхон голд цутгана. Тэрэлж гол 70 км, Горхи, Сэлбэ гол 60 км, Улиастай гол 30 км, Тарана гол 170 км, Хар бухын гол, Богд уулын хүрхрээ, Хөлийн гол, Бөхөг, Түргэний гол зэрэг урт богино 20-иод гол урссаар Туул голыг сэлбэж өгдөг байна. Ингэж сэлбэгдсээр Туул гол 50400 ам дөрвөлжин км талбайтай газраас усаа цуглуулна. Туул гол зарим газар 9-10 салаа болж Горхины уул, Чигэс уул, Өтөг эрүү зэрэг хад хясаа хавцал, булан тохой, бут, бургас, хуш, хус, шинэс моддын дундуур урсана. Хилэм, алгана, тул, цагаан загас, цулбуурт, гутаар, хадран, цурхай, булуу цагаан, зэвэг зэрэг загастай. Туулын савд өрөвтас, халбаган хошуут, галуу зэрэг ховор шувууд тааралддаг. Туул гол бол Монголчуудын эртнээс нутаглаж ирсэн манай алдарт 3 голын нэг билээ.

Элсэн тасархай Өвөрхангай аймгийн Батхаан уулын баруун урд хажуугаас эхлэн баруун хойшоо Хөгнөхаан уулын баруун талаар 80-д км үргэлжилсэн манхт элсийг огтлон гарах зам юм. Энэ элс нь Монгол элс, Хөгнө тарнын элс гэж нэрд гарсан бөгөөд бургас яргай зэрэг бутлаг ургамалтай. Бүрд сумын Тарна голын элсэн тасархай орчимд том хирэгсүүр, хүн чулуу бий. Хүн чулууны дээлийг ихэд хээлж гоёсон байдаг.
Ширээ цагаан нуур Монгол элсний зүүн урд орших 3 жижиг нуурын нэг нь Цагаан нуур юм. 1639 онд Өндөр гэгээн Занабазарыг 5 настайд нь Монголын шарын шашны тэргүүн, анхдугаар Богд гэгээн хэмээн өргөмжлөн ширээнд залсанаар Ширээ цагаан нуур гэж нэрлэх болжээ. Энэхүү багахан нутагт говь хээр, ой тайга, уулын тагийн бүсийг ой тайга, уулын тагийн бүсийг нэг дор хадгасан үнэхээр сонирхолтой бөгөөд тиймээс ч энд Монгол улсын нийслэлийн анхны суурийг тавьж, “Шар бүст өргөө”-г байгуулсан түүхтэй. Нуурын дэргэдэх ухаа товгор дээр анхны өргөөний суварга байсан нь 1930-аад оны үед үгүй болсон ба 1997 онд сэргээн засварласан байна. Мөн энэ газар Богд гэгээнийг ширээнд өргөмжилсний баяр ёслолд зориулан хийсэн Бат-Оршил буюу Даншиг наадмыг анх зохион байгуулжээ. Энэ нь манай өнөөгийн үндэсний уламжлалт баяр наадмын эхлэл байсан юм.

Өвөрхангай аймаг нь 62.9 мян км2 газар нутагтай аймгийн төв Арвайхээр хот нь Хангайн нурууны өвөрт 1913 м өндөрт, Улаанбаатар хотоос 430 км зайтай байрлана. Өвөрхангай аймаг нь Хангайн нурууны өврийн уулархаг, тэгш өндөрлөгт орших ба өмнө хэсгээрээ говирхог хөндий болон тал нутаг. Аймгийн нутгаар Орхон, Онги, Түй, Таац голууд урсах бөгөөд Таацын, Найман зэрэг том жижиг нуурууд, Хужирт, Дэвсэн булгийн зэрэг рашаан ус элбэгтэй. Аймгийн нутгийн хойд хэсэг нь ойт хээрийн, дунд хэсэгтээ хээрийн , өмнөд хэсэг нь говийн амьтан ургамалтай. Нутгийн хойд хэсэгт газар тариалан хөгжүүлсэн. Өвөрхангай аймаг нь байгалийн ба түүхийн дурсгалт газрууд олонтой. Өвөрхангай аймгийн Бүрд сумын төвөөс урагш 14 км газарт Х.Ө 36°52', З.У 103°50' солбицолд Өвөр хөшөөтийн булгийн эхэнд манай улсын төв цэг оршдог бөгөөд 1993 онд хүндэтгэлийн суварга босгосон. Энэ аймгийн нутаг дэвсгэрээр дэлхийн экватор, хойд туйл хоёрын газрын дунд орших Х.Ө 45 зэргэд дайран өнгөрдөг. Дэлхийн өвд Монголоос хамгийн анх бүртгэгдсэн соёлын өвтэй.

Орхоны хөндий Монголын төв хэсэг дэх түүхэн аялал жуулчлалтай холбоотой газар бол Орхоны хөндий юм. Орхоны хөндий нь төв азийн хойд хэсэг ялангуяа Монголын хот байгуулалтын үүсэл хөгжлийг харуулж байгаа археологийн болон түүх соёлын дурсгалаар баян нутаг бөгөөд энд XIII-XVI зууны үеийн Монголын эзэнт гүрний өргөн уудам нутгийн маш чухал суурин газар байв. Орхоны хөндий дэх түүхэн аялал жуулчлалтай холбоотой дурсгалууд нь Булган аймгийн Дашинчилэн сумын төвөөv Өвөрхангай аймгийн Шанх сумын нутаг дэвсгэр хүртэлх дурсгалуудыг багтаан оршино. Орхоны хөндий дэх Эрдэнэ зуу, Төвхөн хийд, Хар балгас, Хархорум хотын туурь, Культегин, Билэг хааны хөшөө зэргийн түүх соёлын чухал дурсгалыг Юнеско “ Дэлхийн гайхамшигт үнэт зүйл” гэдэг зэрэглэлээр дэлхийн соёлын өвд 1996 онд бүртгэн авсан. Орхоны хөндийд эртнээс нааш Монголын хаадын өргөө, улсын нийслэл оршиж байсан бөгөөд Монголын газар нутгийн өнөөгийн хүйс нь Орхоны хөндийн чухам энэ хэсгээс зүүн урагш холгүй 90-д км оршиж байгаа нь тохиолдлын хэрэг бишээ.

 

Хархорум хот Их монгол улсын нийслэл Хархорум хотын суурь VIII-р зуунаас тавигдсан бөгөөд түүнийг эхлээд “Тайгал шивээ” хэмээн нэрлэж байв. Хожим нь 13-р зууны үед Хэрэйдийн ван хаан төвлөн сууж асан хийгээд дараа нь Монголын цэрэг зэвсгийн агуулах болж байсан Орхон гол, Хар хүрэмт уул хоёрын завсрын ил сууринд эзэн Чингэс хаан улсынхаа нийслэлийг төвлөрүүлэхээр шийджээ. Хархорум хот Өгөөдэй, Гүюг, Мөнх хаадын үед тус орны улс төр, эдийн засаг, засаг захиргаа, арилжаа наймаа, шашин мөргөлийн гол төв болж үндсэндээ хотын шинж төрхийг олсон байна. Өгөдэй хааны үед 1235 оноос хотыг өргөтгөн бариулж тойруулан хэрэм цогцлоон “Түмэн амгалан” хэмээх том орд бариулж эхэлсэн байна. Хотын хамгийн үзэсгэлэн төгөлдөр хэсэг болох Өгөдэй хааны “Түмэн амгалан” ордыг хотын баруун өмнөд хэсэгт харшийн цогцолбор байдлаар тусгай дөрвөлжин хэрмэн дотор барьжээ. Уг байгууламжийн тухай Францын VII Людвиг хааны илч В.Рубрук “Ордны өмнөдөд мөнгөн мод байх бөгөөд түүн дотор цорготой мөнгөн арслан 4-г дүрсэлсэн байдаг” хэмээн онцлон тэмдэглэжээ. Хааны гол ордонтой зэрэгцүүлэн түүнийтөрөл садан, хан хөвүүд, тайж, түшмэл цэргийнхээ орд харшийг байгуулсан байна. Энд археологчид судалгаа хийж, 6000 ам.метр газрыг хамарсан малтлага гүйцэтгэхэд хөрсний хамгийн гүн нь 7м байсан бөгөөд 64 баганатай Өгөдэй хааны “Түмэн амгалан” ордны барилгын суурийн нилээд талбайг илрүүлсэн байна. Зөвхөн уг ордны барилгын малтлагаас 10, хотын зүүн хаалганы тэндээс 54, төв гудамжны уулзвар орчмоос 129 зоос олдсоныг нягтлахад 10 гаруй улс оронтой худалдаа арилжааны хэлхээтэй байсан нь илэрчээ. Хархорум хотод орд харшийн шат, баганын суурь, гоёл чимэглэл, гэрэлт хөшөө, түүний суурь яст мэлхий зэргийг чулуугаар урлаж хийх нь түгээмэл байжээ. Хархорум хот шавар хэрэм, дөрвөн хаалгатай, зүүн хаалган дээр шар будаа болон бусад үр тариа, баруун хаалган дээр хонь ямаа, өмнөд хаалган дээр үхэр тэрэг, умард хаалган дээр морь унаа худалддаг байсан тухай түүхэн сурвалжид тэмдэглэгдэн үлджээ. 1260 онд Хубилай хаан Монголын их гүрний нийслэлийг өөрийн байлдан дагуулсан Хятад-Нангиад оронд шилжүүлсэн хэдий ч Хархорум хот үндсэн Монгол орны улс төрийн төв хэвээр байсан юм. Монголын болон гадаадын эрдэмтэд олон янзын саналтай байдаг билээ. Хархорум хотыг олон орны эрдэмтэд сонирхон судалсаар ирсэн бөгөөд хамгийн сүүлийн судалгаа 1995-1996 онд дэлхийн оюутны байгууллага Юнескогоос зохион байгуулсан Монголын эртний нийслэлийг авран хамгаалах, сэргээн судлах ажил юм. XIV зууны үед Мин улсын цэргүүд Хархорум хотыг довтлон сүйтгэсэн байна. Хархорум хотын туурийг 1961 оноос улсын хамгаалалтанд авсан. Хархорумын мөнгөн мод: 1235 онд Өгөдэй хаан Хархорумыг Хамаг Монгол улсын нийслэл хэмээн зарлаж, өөрийн асар том ордыг бариулсан. 1236 онд их хаанд зориулж сүндэрлүүлсэн асар том мөнгөн мод нь Хархорум хотын ялангуяа Түмэн амгалан ордны гайхамшигтай чимэг байсан юм. Өрнөдөөс тухайн үед Монголд жуулчилж байсан Марко Поло, Вильгелм Де Рубрук, Плано Карпини нарын бүтээлд 4 хоолойтой орой бүхий мөнгөн мод хэмээн тайлбарласан байдаг бол Ш.Нацагдорж, Ч.Далай зэрэг Монголын нэрт түүхчдийн судалгааны бүтээлд 5 цорго бүхий тансаг идээ агуулсан мөнгөн мод байсан гэжээ. Уг дурсгалыг Парисын уран дархан Вельгелм хийсэн гэж европын түүхэнд тэмдэглэжээ. Англи, Орос, Франц, Унгар, Төвд, Балба, Перс, Хятад, Солонгос зэрэг олон орны шилдэг урчуудыг цуглуулан Түмэн амгалан харшийн чимэг шүтээн мөнгөн мод бүхий цогцолборыг иж бүрэн бариулсан. Мөнгөн модыг үйлдэхдээ ёроол тус бүрээс нь ундааны зүйлс олгойдон гарах цоргон амтай 4 мөнгөн арсланг бүтээжээ. Модны дотуур оройд нь хүртэл 4 босоо хоолой татаж, тэдгээрийн амсрыг доош унжуулан тус бүрийн амсрыг алтан шармал могойн ам маягтай үйлдэж, сүүлээр нь мөнгөн модыг ороолгон урлажээ. Эдгээр хоолойн нэгээс дарс, нөгөөгөөс айраг, 3 дахиас балын ундаа, 4 дэхиэс террицина хэмээх будааны шар айраг гоождог байжээ. Модны ёроолд амттан ундааг юүлэх тусгай мөнгөн савнуудыг хоолой тус бүрийн доор байрлуулсан байна. Мөнгөн модны орой дээр бүрээ үлээсэн “анжел” хэмээх тэнгэрийн илчийн дүрийг урлаж, модны доорх газарт хүн далд орохуйц зоорь ухжээ. Тус зоорь ордны гадна байх бөгөөд илчийн бүрээний дууг сонсмогц ундааны зүйлийг сөгнөх зарц нар тэнд бэлэн хүлээж зогсоно. Дарс ундаа хэрэгтэй болмогц бүрээгээ үлээ хэмээн анжел тэнгэрт хандан гол сөнч хашгирах бөгөөд ингэмэгц газар доорх зооринд нуугдсан хүн сонсож, анжелийн бүрээтэй холбосон цоргыг хүчтэй үлээхэд анжел бүрээгээ амандаа хүргэж бүрээ чанга дуугардаг ажээ. Энэ дууг сонсмогц зоорин дахь зарц нар тус тусын хариуцсан ундаагаа хоолойд юүлэхэд тэр ундаа хоолойгоор дээш хөөрч, дараа нь зориулалтын тусгай саваар доош гоожно. Ингэмэгц сөн түшигч нар ундааг савлаж, ордны бүх хүнд барьдаг байжээ.

Эрдэнэ зуу хийд -ийг Халхын хамгийн нөлөө бүхий ноён Автай сайн хааны санаачлагаар XIII зууны Монголын нийслэл Хархорум хотын суурин дээр 1586 онд байгуулсан бөгөөд Монголын шарын шашны анхны хийд юм. Эрдэнэ зууг барьж байгуулахад Хархорум хотын барилгын элдэв материал, чулуун баганын үлдэгдлийг ашигласан. Дуган суваргуудыг барих ажил XVI зууны эхэн үеэс XIX зууны эхэн үе хүртэл үргэлжилжээ. Барих ажлыг Монгол дархан Манзшир удирдаж Монгол гар урчуудыг оролцуулан бүтээжээ.
Сүм дуганууд нь монгол, төвд, хятад холимог хийцтэй бөгөөд Зуугийн сүм дуганыг нэг ч хадаас оруулалгүй модон дээр зааж зангидан хийсэн нь уран барилгын онцлог хэлбэрт ордог. Эрдэнэ зууг тойрсон хааш хаашаа 400х400м, туйпуугаар барьсан тэг дөрвөлжин хэрэмтэй. Хэрэмний тал бүрд 25 , дөрвөн өнцөгт нь тус бүр 2, нийт 108 суваргатай бөгөөд түүнийг XVI-XVII зууны үед сүсэг мөргөл, шашин төрийн хэрэгт зохицуулан босгожээ. Хэрэм нь дөрвөн талдаа хаалгатай, тэдгээрийг асар хаалга гэж нэрлэнэ.
Одоо байгаа сүм дуган, дурсгалт зүйлүүд гэвэл XIII-XIV зууны үеийн Хархорин хотын буурь сууринаас олдсон монгол, төвд, хятад, араб бичигтэй хөшөөн чулуунууд юм. Эдгээр чулуунуудын хойд талд 1675 онд босгосон Далай ламын сүм байдаг. Тус сүмийн хоёр талд байгаа сүмийг хүрдэн сүм гэнэ. Энэ сүмүүдийн ард тусгай туйпуугаар барьсан хэрмэн хашаа байх бөгөөд хэрмэн дотор ормогц үүдний ташаа жинхэнэ Монгол уран барилгын загвараар барьсан 2 бунхан бий. Түүний брауун талых нь Автай сайн хаанд, зүүн талынхыг 1587 онд нас барсан Автай сайн хааны хүү Түшээт хаан Гомбодоржийн шарилд зориулан босгожээ. Түшээт хаан Гомбодоржийн эхнэр Ханджамц хатны шарил бунхан хэрэмний гадаа баруун хойд талд нь байдаг.
Дээрх 2 бунханы ард гол гурван зуугийн сүмүүд бий. Үүний баруун Зуугийн сүмийг Автай сайн хаан, түүний хүү Гомбодорж, Эрхий мэргэн хааны их хатан нар бүтээлгэжээ. Эх сүмд тэр үеийн зураг баримлын өвөрмөц төрхийг харуулсан Богд Зонхов шавь нарын хамт, Ногоон Дарь эх, Ямандаг, Будда бурханы үйл амьдралыг харуулсан зурагнуудаас гадна 3 том баримал бий. Үүний зүүн талынх нь Санжаа Одсүрэн, баруун талынх нь Жамба Майдарын гэгээн бурхан, гол дахь нь бурхан багш Буддагийн өндөр настай үеийнх нь дүр зураг юм.
Гол Зуугийн сүмийг Түшээт хаан Зүнгэн, Цогт түшмэл нар бариулжээ. Гол Зууд ормогц хаалганы зүүн талд Лхам бурхан, баруун талд Гомбогүр бурхан байх ба хойт хана дагуу 3 том баримал бурхан байдаг. Үүний зүүн нь Оточ манал, баруун нь Авидийн Гэгээн, дундах нь бурхан багшийн идэр залуу дүр юм. Эх сүмд бурхан багшийн шавь нар, сарны бурхан, босоо суугаа баримал бурхан хэд хэд байдгаас гадна голын тусгай засагдсан ширээн дээр Өндөр гэгээн Занабазарын бүтээл болох олон арван гууль, шармал, хөөмөл, цутгамал бурхан байдаг. Эх сүмийн хоёрдугаар давхрыг огторгуйгаас буусан сайн цагийн мянган Богдын орон гэдэг.
Зүүн Зуугийн сүмийг Эрхий мэргэн хаан, түүний хүү Гомбодорж, Түшээт хааны хатан Ханджамц нар бариулжээ. Энэхүү сүмд бурханы 3 том баримал бариулсаны зүүн нь Богд лам, баруун нь Жанрайсаг, гол нь Будда багшийн багийн дүр юм. Мөн голын ширээн дээр хүрэн зандан модоор хийсэн зүүн сүмийн загвар байх ба хана туурган дээр нь Манал дүрсийн 35 бурхан, Богд лам, түүний шавь зэргийг зурсан бүтээлүүд байдаг.
Тусгай хэрэмтэй дээрх сүмүүдийн зүүн гар талд мөргөлийн алтан суварга гэдэг гол том цагаан суварга бий. Түүний хажууд 1969-1973 онд сэлбэн засч босгосон гурван давхар сүм Лавиран байна. Энэ нь Монголд байгаа цэвэр Төвд маягийн уран барилгын ганцхан дурсгал юм. Энэ сүмд 75 Махгал, Гомбогүр, Богд лам Өндөр гэгээн Занабазар зэрэг бурхадыг баримал, хөрөг зээгт наамал, оёмол бурхан, цамын баг, бүрээ, бишгүүр, хонх, очир, дамар зэргийг байрлуулжээ.
Эрдэнэ зуугийн төв дундах том зайг “Өлгий хутагт”-ын талбай гэх бөгөөд түүн дээр Автай сайн хааны гэр байсан гэдэг. Хожим 1658 онд болсон Монгол ноёдын халхын чуулганд зориулж барьсан Бат-өлзий хэмээх том гэр байсны өргөн чулуун дугуй хүрээ /45м голчтой/ одоо үлджээ. Эрдэнэ зуугийн сүм дуганууд XVII зууны үеийн Монголын уран барималч, зураач, дархчуудын хийсэн алдарт бүтээлүүд гар зураг, хээ угалз, сийлбэр баримал, цутгамал бурхад, суварга, тогоо, сангийн бойпор, сав суулга, хонх, очир, ганжир, үнэт чулуун чимэгтэй хоргол мандал, цамын баг, хувцас зэрэг соёл урлагийн үнэт өвийг хадгалж иржээ. Эрдэнэ зуу хийдийг 1944 онд улсын хамгаалалтанд авсан.

Төвхөн хийд Орхоны хүрхрээнээс зүүн хойш, Төвхөн уулын оройд нэгэн хийд байдаг нь Өндөр Гэгээн Занабазарын бүтээлийн урлан болох чулуун хийд юм. Архангай, Өвөрхангай аймгийн нутгийн заагт Хужирт сумын төвөөс баруун хойш 40 орчим км зайтай д,т,д 2312 м өндөр Өндөр овоот уулын оройд Өвөр агуйтад оршино. Хужиртаас Орхон голыг усаар гатлан гарч Төвхөний зүүн сугаар урсах Нарийн гол гэдэг горхийг өгсөн уулын бэлд хүрнэ. Бэлээс уулын орой хүртэл 5 орчим км явган явж тус хийдэд хүрнэ. Ойн замаар өгсөж чадвал машинаар очиж болно.
1648 онд Анхдугаар Занабазар 10 гаруй настай байхдаа энэхүү өвөрмөц тогтоцтой газрыг сонирхон үзэж, 1651 оны үед бясалгал бүтээлд оршин, бяслагал хийх жижиг байшин бариулсан байна. Тэрээр 1654 онд эрдэм бясалгал, шүтээн урлалдаа зориулан Бүтээлийн сүмийг бариулсанаар 20-иод м өндөр том эгц хадан цохионы өвөрт засаж тэгшилсэн талбайд орших 14 сүм дугантай Төвхөн хийдийн суурь тавигдсан түүхтэй.
Тус хийд нь Өндөр гэгээн Занабазарын бүтээлээ туурвидаг дарханы газар байсан бөгөөд энд 1680 онд алдарт Соёмбо үсгээ зохиосон ба “Адистэдийн дээдийг хайрлагч” тэргүүтэй зохиолоо айлдахын сацуу урлахуйн ухаанд шамдан цутгах, хөөмөлдөх, зурах, барих аргуудаар бүтээлүүдээ туурвиж байсны баримт болох Өндөр гэгээний өөрийнх нь “тэргүүнд нь үс ургаж байсан” гэгдэх гайхамшигт шүтээн дүр нь хадгалагдан үлджээ.
Төвхөн хийд нь байгалийн өвөрмөц тогтоц бүхий хадан ууланд оршдог бөгөөд “Эхийн хэвлий” нэртэй гулсаж ороод эргэж гардаг жижиг агуй, түүн дээрх уйгуржин монгол бичээс, мөн дэргэд нь Өлгий хэмээх хүн зогсоогоороо таардаг ухмал мэт хад, Өндөр гэгээний бясалгалын болон Жамьянгэлэнгийн агуй, гэгээнтний мутрын болон өлмийн мөр, амарч суудаг асан суудал, түүний морины уяа гэгдэх холбоо хоёр мод, нүдний рашаан зэрэг байгалийн болон түүхийн хосгүй гайхамшигт дурсгалууд байдаг. Энэхүү өвөрмөц тогтоц бүхий газрыг “Махагалын орон” хэмээн нэрийдэж хайрласаар ирсэн.
Халх, Өөлдийн дайн самуун дэгдсэн үест Төвхөн хийд эзгүйрч хоосорсон байсныг Эрдэнэ зуугийн номч цорж Балганшадбидорж сэргээн сууж зохиол бүтээлээ туурвиж байсны нэг жишээ бол “Төвхөний оронгийн магтаал” гэдэг түвд хэлээр туурвисан шүлэглэсэн зохиол юм.
Эрдэнэ зуугийн номч цорж Балганшадбидоржоос хойш 1939 он хүртэл Сайн ноён хан аймгийн гол хүрээ Уянгын хүрээнээс лам нарыг ээлжээр суулгадаг уламжлалтай байжээ.
Төвхөн хийдийг 1971 аймгийн, 1992 онд улсын хамгаалалтанд авсан бөгөөд 2002 оноос 4.5 км2 талбайтайгаар хамгаалах болсон. 1992 онд бүтэн үлдсэн Бүтээлийн сүмийг сэргээн засварлах зураг төслийг хийсэн. 1992 оноос эхлэн Төвхөн хийдийн хурал номын ажил сэргэсэн ба 2001 онд улсын төсвөөс 68.4 сая төгрөг гарган Төвхөн хийдийн 4 сүм, 2 суварга, асарт хаалгыг анхных нь байдлаар сэргээн босгосон байна. Сүүлийн жилүүдэд Гандантэгчинлэн хийдийн харъяа Идгаачойнзэнлин дацангаас лам нарыг ээлжээр томилон явуулж, Төвхөн хийдэд суулгаж байна.

Орхон гол Хангайн нурууны Суварга хайрханаас эх авч 1124 км урсаад Сүхбаатар хотын дэргэд Сэлэнгэд нийлэх том гол. Орхон голын усны горимд цутгал голууд ялангуяа Туул, Хараа, Ерөө зэрэг голууд ихээхэн нөлөө үзүүлдэг. Умард мөсөн далайн ай савын загасаар элбэг. Орхоны хөндийн 2 талын уулс нь Монголын аялал жуулчлалын хамгийн сонирхолтой бүс нутаг юм. Орхон гол дээр Хархорины дэргэд жижиг усан цахилгаан станц байдаг. Доод хэсэгт нь тариалан эрхэлдэг. Монголын хамгийн урт гол юм.

Архангай аймаг нь 1923 онд цэцэрлэг Мандал уулын аймаг нэртэй байгуулагдаж 1931 оноос Архангай аймаг хэмээн нэрлэгдэх болсон. 55.3 мян км2 газар нутагтай. Аймгийн төв Цэцэрлэг хот нь улсын тусгай хамгаалалттай Булган уулын өвөрт д.т.д 1691 м өндөрт, Улаанбаата хотоос 463 км зайтай оршино. Аймгийн хамгийн өндөр цэг нь 3539 метрийн өндөрт орших Харлагтайн сарьдаг, хамгийн нам цэг нь 1290 метр өргөгдсөн Орхон-тамирын бэлчир юм. Аймгийн нутаг нь Хангайн нурууны ар хажуугийн уулсыг эзэлнэ. Хангайн нурууны Унтаа ямаат, Ангархай, Суварга хайрхан зэрэг 3000 гаруй м өндөр том уул нуруудтай. Цэцэрлэг нь манай аймгийн төвүүдийн дотор хамгийн их тунадас унадаг хот бөгөөд жилд 350.5 мм тунадас унадаг. Тэрхийн цагаан зэрэг олон нуур Тамир, Чулуут Суман, Хануй зэрэг олон гол мөрөнтэй. Аймгийн нутагт ой хөвч ихтэй бөгөөд ховор ургамал амьтан элбэгтэй. Зүүн сумдуудад газар тариалан хөгжүүлдэг. Өндөр уул, ойт хээр, тал хээр гэсэн байгалийн 3-н бүсэд хуваагдах бөгөөд хойд талаараа Хөвсгөл аймагтай, зүүн хойт, зүүн талаараа Булган аймагтай, өмнө талаараа Өвөрхангай аймагтай, баруун урд талаараа Баянхонгор аймагтай, баруун хойд талаараа Завхан аймагтай тус тус хиллэнэ.


Хангайн нурууны байгалийн цогцолборт газар нь Хангайн нурууны ландшафтын үндсэн хэв шинжийг төлөөлсөн Орхон гол, Эрхэт, Суварга хайрхан, Орхоны хөндий, Улаан цутгалан, Хоргой хүрэм зэрэг байгалийн үзэсгэлэнгээрээ гадаад, дотоодын жуулчдын анхаарлыг ихэд татдаг газар нутгийг хамгаалах, зөв зохистой ашиглах, зохион байгуулалттай аялал жуулчлал хөгжүүлэх зорилгоор байгуулагдсан. УИХ-ын 1996 оны 43 дугаар тогтоолоор батлагджээ. Нийтдээ 888.4 мян. га талбай эзэлдэг. Хангайн гол нурууны дорнод хэсгийн хамгийн том салбар нь Суварга хайрхан (3200 м), Эрхэт хайрхан (3000 м), Бага Жаргалант зэрэг уулсууд бөгөөд Суварга хайрханаас зүүн тийш нилээд намсаж Батхаан, Дэлгэрхаан уулсаар шувтарна. Гадаргын үнэмлэхүй өндөр нь 1500-2800 м-ийн хооронд хэлбэлзэнэ. Уулсын орой хяр хавтгайдуу бөмбөгөр хэлбэртэй, эртний тэгш өндөрлөгүүдтэй, хажуунууд нь харьцангуй налуу, уулсын хоорондох хөндий хотгор өргөн тавиу юм. Үнэмлэх өндөр дунджаар 3000 м орчим боловч зарим оргил далайн түвшнээс дээш 3500-4000 м хүрнэ. Тэгш өндөрлөгүүдийн оройгоор намаг, жижиг нууруудтай. Гол нурууны дунд хэсэгт уулын хажуу эгц цавчим, хад чулуу элбэгтэй байдаг. Мөсөн голын морены толгод далан голын хөндий ёроолоор байдаг.

Хангайн нуруунд дэлхийн усны хагалбарын нэлээд хэсэг хамаарах бөгөөд Хойт мөсөн далай, Төв Азийн гадагш урсгалгүи ай савын голууд хойт, урд зүгт эх аван урсана. Хангайн нуруу дэлхийн усны томоохон хагалбар тул эндээс Орхон, Хануй, чулуут, Идэр, Тамир, хоёр Тэрх, Онги, Байдраг, Завхан зэрэг голууд эх авдаг. Хангайн нуруунд өвөрмөц тогтоцтой, үзэсгэлэнт газрууд олон бий. Тухайлбал, Суварга хайрхан нь дүрсийн хувьд цац суварганы хэлбэртэй тул ийнхүү нэрлэгджээ. Суварганы хэлбэртэй учраас ч ард түмэн эрт үеэс тахин шүтэж хамгаалж байснаас байгалийн уугуул төрхөө хадгалан үлдсэн үзэсгэлэн бүрдсэн нутаг юм. Мөн Орхон голын эх авч урсдаг хэсэг маш үзэсгэлэнтэй. Энэ голын хойт, урд этгээдээр 2500-3000 м өндөр уулс, боржин байц, хад цохио, ой хөвч бүхий их уулс сүндэрлэнэ. Мөн Орхоны эх, өмнөд биеэр орших Хан Баян, Тогоо Хайрхан зэрэг унтарсан галт уулс тэдгээрээс бялхаж овооролдсон хүрмэн чулуу, боогдож тогтсон нуур, хожуу ургасан ой мод нэн үзэсгэлэнтэй харагдана. Суварга Хайрханы зүүнтээ Үйзэн бүрхээр, умардад Гялгарын нуруу, Арц, Ямплиг зэрэг үзэсгэлэнт газруудтай. Хангайн мужийн уур амьсгал ерөнхийдөө сэрүүвтэр, чийглэг байдалтай боловч газрын өндөршил, хотгор гүдгэрийн нөхцөлөөс шалтгаалж цаг уурын орон нутгийн ялгаа байнга ажиглагдана. Нэгдүгээр сарын дундаж температур -22°- (-30°), 7-р сарынх +13°-(+15°), жилийн дундаж температур -2,5° - (-6,5°)-ын хооронд хэлбэлзэнэ. Жилд дундажаар 220-340 мм хурдас унах ба түүний ихэнх нь (80 орчим хувь нь) зуны улиралд оногдоно. Зарим хур бороо ихтэй жил 500-550 мм тунадас унах удаа бий. Цасан бүрхүүлийн зузаан дунджаар 5-10 см, хамгийн их нь 40-50 см хүрнэ. Тус мужийн ихэнх нутагт олон жилийн цэвдэг, чулуулаг үргэлжилсэн тархалттай. Ялангуяа уулын ар хажуу, уулсын хоорондох хөндий хотгорт олон жилийн цэвдэг тогтвортой оршиж, цэвдэгт үеийн зузаан нь хэдэн арван метрээр хэмжигдэнэ. Хангайн мужийн хөрсний бүтцийг ерөнхийд нь авч үзвэл уулын ар хажууд доороос дээшээ хар хүрэн, хар шороон, нугат-хар шороон, нугат-ойн бараан, уулын тайгын ширэгт, уулын тайгын цэвдэгт, уулын нугын, уулын нугат-тундрын хөрс дараалан оршино. Гэтэл өвөр хажууд нь ойн хөрсний бүслүүр огт байхгүй, түүний оронд дээшээ их өгсөж тархсан байна. Энэ хажууд доороос дээшээ хүрэн, хар хүрэн, хар шороон, уулын нугат-хээрийн, уулын нугын хөрс тус тус дайралдана. Хангайн нуруунд уулын нуга харьцангуй нам түвшинд тархах тул энд цэвэр уулын нугын хөрс ноёрхож түүн дээр улалж-бушилзат нуга зонхилно. Ургамалшлын төрх байдлаар маш жигд биш, эзлэх дэвсгэрийн хувьд уулын хээр бусдаас давамгайлах боловч уулсын ар хажууд шинэст, хуш-шинэст ой, тайгын ургамалшил нэлээд дэлгэрч уул нуруудын орой хярд бушилзат, бушилз-улалжит өндөр уулын нуга ба заримдаа нутагт-тундр хөгжсөн байна. Уулсын хоорондох уудам хөндий хотгорт үетэн голлосон хээрийн ургамалшил зонхилно. Тойргийн 124 зүйл ургамлын 151 зүйл, 1063 зүйл мод, сөөглөг ургамал юм. Чийгсүү 336, уссаг 212, хүйтсэг 2108, чулуусаг 271 зүйл ургамалтай. Хангайн нурууны байгалийн цогцолборт газар нь Хангайн уулархаг мужийн ландшафт ургамал. амьтныг онцлогийг бүрэн төлөөлөөд зогсохгүй аялап жуулчлал явуулах өргөн боломжтой нутаг юм. Энд уран барилга болоод түүхийн үнэтэй дурсгалт газар болох Эрдэнэзуу хийд байдаг. Түүхийн олон бүтээлд энэ хийдийг 1586 онд байгуулсан гэж үздэг. Мөн Монгол орны эмчилгээ сувилгааны ач холбогдлоороо алдартай рашаан ус, томоохон гол мөрөн, нуур, элсэн манхан бүгд энэ нутагт байх бөгөөд байгалийн бүс бүслүүрүүд нэг дор ялгаран харагдаж байдаг ховор өвөрмөц нутаг билээ.

Хүйсийн овоо Хувьсгалаас өмнө Монгол орны газар нутгийг хэмжиж, төв цэгийг тодорхойлон “Хүйсийн овоо”г байгуулжээ. Хүйсийн овоо нь Архангай аймгийн Хотонт сумаас Цэнхэр сум орох замд, замынхаа зүүн гар талд буюу урд оршдог. Харин Монгол орны одоогийн төв цэг Өвөрхөнгай аймгийн нутагт, Өвөр хөшөөтийн булгийн эхэнд орших бөгөөд 1993 онд хүндэтгэлийн суварга босгосон.

Булган уулын байгалийн цогцолборт газар Булган уул нь Архангай аймгийн төв Цэцэрлэг хотын хойт хэсэгт Халзангийн даваа, Хавтгай модноос эхлэн Тэмээн чулууны Хяр хүртэл 8км, өвөр хормойгоос ар хормой хүртэл 6км газрын 48 км2 талбайг эзлэн оршдог. Байгалийн үзэсгэлэнт байдлыг нь харгалзан 1965 онд дархалсан бөгөөд үзэсгэлэн төгөлдөр навчит, шилмүүст мод голлосон ойтой, уулын орой хяр нуруугаар ухаа улаан боржин хад цохио нь сүртэй харагдана. Булган уулын үнэмлэхүй өндөр 1980м, харьцах өндөр 280м юм. Энд гүзээлзгэнэ, хад, тошлой, самар, таван салаа, тарваган шийр, сөд, царван, алтан гагнуур, бамбай, ганга, нохойн хошуу, гишүүнэ, хунчир зэрэг эмийн ургамал ургана. Мөн цагаан төмс, мэхээр, бүүргэнэ, гонид зэрэг хүнсэнд хэрэглэгддэг ургамалтай. Булган ууланд Хангайн бусад нутгийн нэгэн адил хар мод, хуш зэрэг шилмүүст мод хус, улиас, улиангар, хайлаас зэрэг навчит модтой. Буга, бор гөрөөс, хүдэр, шилүүс, гахай, мануул, хэрэм, жирх, үен, солонго, үнэг, чоно, чандага, туулай зэрэг ан амьтан, хур, сойр, ятуу, хөтүү, зэрэг агнуурын шувуу, харцага, бүргэд, ууль, шар шувуу, алаг шаазгай, хон хэрээ, тагтаа зэрэг жигүүртэнтэй. Энэ Хайрханыг залгаа 9 чанх, шовх оройтой, орой тус бүр нь 9 эрдэнийн нэртэй байж Алтан, Мөнгөн, Шүр, Сувд гэх мэтчилэн, хожим нь 9 эрдэнийн нэрийг багтааж шингээн Эрдэнэбулган гэж нэрлэхээр болсон юм. Булган уулыг УИХ-ын 1995 оны 26 дугаар тогтоолоор байгалийн дурсгалт газар болгосон.

Булган уулан дээрх бурхан бүтсэн түүхээс: Эрт цагт Өндөр гэгээн Занабазар, заяын гэгээн Лувсанпэрэнлэй, Ламын гэгээн Лувсанданзанжалцан хэмээх гурван хутагт хувилгаад Булган уулын нөмөрт ном айлддаг байжээ. Зая бандид гэгээн С.Лувсанпэрэнлэй залуухан гавж, жасын тэргүүтнийг дагуулан Эрдэнэбулган уул өөдөө гарч “Та нар дулаан цагт энэ ууланд гарч номоо бясалга. Ой тогтоолт сайжирна” хэмээн сургамжилж уулын орой хүртэл яваад буцахдаа толигор сайхан хад олжээ. Гэгээнтэн энэ хадыг хэмжиж шинжээд ёстой бурхан заяаж ямар ерөөлтэй юм бэ? хэмээн залбирч энэ том боржинг бүрхсэн бурхан бүтээнэ гээд бороо цасны усанд арилахгүй бурхан хүн төрөлхтөний энэ ба хойчийг бүрэн хариуцагч Зонхов багшаа залах нь олон түмэн үеийн үед тустай хэрэг болно гэв. Тэгээд гэгээнтэн Лувсанпэрэнлэй өөрөө тэр хадан дээр Зонхов бурханы тэгийг татаж хийдийн бурхан бүтээгч лам нар заасан зураасны дагуу хаданд уусан шингэгч хольцтой шунхыг хувингаар цацаж ажилд туслалцав. Тав дахь өдөр нь Зая бандид бүтээсэн бурханыхаа мэлмий нээж, будаг шунхны засал хийхэд бурханы тэг ерөнхийдөө тодорч ирэв. Дараа өдөр нь Зая бандид өөр нэг толигор хаданд Будда бурханыг зурав. Ийнхүү ургах нар хамгийн түрүүнд тусдаг уулын боржин чулуун цохион магнайд бурхадын их шүтээн дурайж бүхэлд нь аравнайлж, шүшиглэсэн болохоор Эрдэнэбулган уулын энгэрийг чиглэсэн их шүтээн бурхад гурван зууны туршид арилж балраагүй тодоос тод дурайсаар. Эдүгээ Заяын хүрээ буюу Цэцэрлэг хотын сүсэгтнүүд маань дүйсэн сайн өдрүүдэд бурхан Гүнгэрва уулынхаа бурхдад зул хүж асаан зулын 25, цагаан сарын битүүнд бол зул хэдэн мянгаараа бадамлан ярайж Эрдэнэбулган уул бүхэлдээ мөргөлийн уул болдог билээ.


Заяын хүрээ Архангай аймгийн Эрдэнэбулган сумын нутаг Булган уулын энгэрт 1631 онд Заяын хүрээг үүсгэн байгуулжээ. XVII зууны эцсээр Заяын хүрээнд Гүдэн сүм, Лавиран, Сэмчинг байгуулж 1696 онд байгуулсан Гүдэн сүмийг 2-р Зая бандид Лувсанпэрэнлэй өөрийн Лавиран болгосон байна. Лавирангийн дээд давхрын сүмийг шүтээний 3 сүм гэх бөгөөд баруун Гүдэнд үүрд нам гүм нойрссон Зая бандид хутагт Лувсанпэрэнлэй, Лувсанняндаг, Лувсанжигмиддорж нарын шарилыг оршуулсан 3 суварга, зүүн Гүдэнд 5-р хутагт Лувсанжигмиднамжилын шарил тус тус байдаг байжээ. Гол сүмд лам Чойдог бурхныг тахиж Жасаа хурал хурдаг байсан бөгөөд дээд давхрын тасалгааны хутагтын номын санд эртний түүх, уран зохиол, шашны ном судрыг төвд, монгол, хятад хэлээр ялган байрлуулж байжээ. 3-р Зая бандид Лувсанжигмэддоржийн үед 1802 онд зүүн, баруун сэмчинг барьсан бөгөөд анх дээд давхар нь модон асар дээвэртэй, доод давхар нь тоосгон төвд хэлбэрийн барилга байжээ. 1908-1909 онд Сэмчингийн 3-р давхрыг буулган хурлын дуган, нөгөө Сэмчинг Цогчин дуган болгон 1909-1910 оны үед засвар хийж одоогийн байдалтай болгосон. Заяын хийдийн сүм дуганыг 1887 онд тухайн үед нэрд гарсан монгол дархан урчууд сэргээн засварлаж байжээ. Заяын хүрээг хоорондоо 5 км алсдах газарт дээд, доод хүрээ болгон хуваарилж байгуулсан бөгөөд дээд хүрээнд 6 аймгийн бүгд 26 сүм дуган, лам нарын орон сууц, жижиг байшин барилга, доод хүрээнд 2 аймгийн дуган, лам нарын байшин барилга байв. Эдгээр барилгууд төвд, төвд-монгол, төвд-хятад хийцийнх бөгөөд барилгын үндсэн материал нь мод, чулуу, хөх тоосго, ваар юм. Заяын хүрээнд ямагт 1000 лам суудаг байсан бөгөөд жилд 4000-аас дээш лам цуглардаг байжээ. Хуучин Заяын хүрээнээс үлдсэн сүм дуган нь тухайлбал зүүн, баруун сэмчин, Гүдэнг сэргээн засварлаж өдгөө аймгийн угсаатны зүй музей болгон ашиглаж байна. Эдгээр барилгыг 1971 онд аймгийн, 1994 онд улсын хамгаалалтад авсан. Заяын хүрээний сүм дуган босгоход Хятадууд идэвхийлэн оролцож байсан мэдээ бий. Түүнчлэн хятадаас гадна төвд нар цөөн тоогоор байсан. Анхдугаар Зая бандид Лувсанпэрэнлэй 1679 онд 5 дацан 200 ламтай хүрээ байгуулж Заяын дээд хүрээг үүсгэсэн нь тодорхой баримттай бөгөөд Булган уулын энгэрт суурьшиж “Буяныг илтгэгч” сүм нэртэй болжээ.

Тамир гол Хангай нуруунаас эх авч урсаад Орхоны зүүн гарт нийлдэг гол. Хойд, урд, дунд Тамир гээд гурван Тамирын гол бий. Уг гол нь 280 км урт. Хангайн нурууны тагтад байх /2668м/ цэнгэг Хөх нуураас эх авсан Хойд Тамирын гол Архангай аймгийн Тамир сумын нутаг дэвсгэр дундуур голчлон урсана. Тамирын голд олон горхи, булаг нийлнэ. Тамир голд Их хүрээ 1722-1723 онд суурьшиж байсан.

Тамир голын домгийг сонирхуулъя. Эрт цагт Тамир голыг Болор толь гэж нэрлэдэг байв. Болор толийн эрэг дээр нэг эмгэн ганц охиныхоо хамт амьдардаг байжээ. Тэр охины нэрийг Тамир гэдэг. Охин өсөж торниод уулын цээнэ, усны лянхуа шиг гоо үзэсгэлэнтэй болж, түүнийг харсан эр хүн бүр хүсэж мөрөөддөг болжээ. Тамир хүүхэн өдөр бүр Болор толиос ус авахаар очихдоо голын усанд үзэсгэлэн гоогоо тольдон харж уртын сайхан дууг уяхан хоолойгоор аялаж, урт хар гэзгээ самнан суудаг байжээ. Тэр үед одоогийн Тамир голын нэг буланд толь шиг тунгалаг ус байв. Тамир хүүхэнд нэг хөгшин баян санаархжээ. Тамирт сэтгэлийн хайртай залуу байсан тул тэр хөгшнийг яахин тоох билээ. Иймд хөгшин баян хорсохдоо Тамир хүүхний үс зүсээ харан тольддог тунгалаг сайхан толин усыг нь баллачихжээ. Тамир нэг өдөр толин дээрээ иртэл толинд нь юм харах байтугай юу ч үл харагдах гүнзгий цээлийн ус ногоорч байлаа. Тамир хүүхэн харамсахдаа толио олж авах санаатай цээлийн ус руу ороод дахин гарч ирсэнгүй. Тамир хүүхний дурлалт хархүү Тайхар нь болзоот газраа ирээд өнжин хонон гунин гутан хүлээж ядаад эцэст нь хайрт хүүхэндээ дурсгал болгож өнөө болзоот газраа том чулуу авчирч тавьжээ. Одоо тэр чулууг Тайхар чулуу гэдэг ба тэр цагаас Болор толь голыг Тамир хүүхний нэрээр нэрлэсэн юм билээ.

Тайхар чулуу Архангай аймгийн Ихтамир сумын нутаг, хойд Тамир голын урд хөвөөнөө нэгэн сүрлэг хадан цохио байдгийг ийн нэрлэдэг. Тайхар чулуу бол ерийн бүтэцтэй, ухаа цайвар боржин чулуунаас тогтоцтой 16м өндөр, суурийг тойрон 200м Үүнийг эрт галавын үед хойд Тамир голын хойд талаас урагш түрж орсон хадан хошуу байгаад голын сая сая жилийн урсгал, хошууны нам хэсгээр халин урсаж аажимдаа хад чулууг идэж элээсээр Тайхар чулууг сондгойлон тасалж, өнчин ганцаар орхиж үүссэн хэмээн судлаачид үздэг.
Энэ цохион дээр олон мянган жилийн турш сүг зураг, овог аймгийн тамга тэмдэг, янз бүрийн хэлний бичээс зэрэг утга соёлын өдий төдий зүйлийг үлдээсээр ирсэн бөгөөд хамгийн эртнийх нь чулуун зэвсгийн сүүл үед холбогдох улаан зосоор зурсан тамга тэмдэг, амьтны дүрс юм. Монгол улсын түүхэнд холбогдолтой олон хэлийн Согд, Кидан, Түрэг, Уйгур, Төвд, Нанхиад, Тод Монгол, Ланз бичээсүүд бий бөгөөд эдгээр нь ерөөл магтаал, бэлгэдэл үг, залбирал, эх нутаг ард олноо хайрлан магтсан шүлэглэл, шашин шүтлэгийн зэрэг утга зохиолын олон төрөл ангид хамаарагдах зүйлс хадгалагдан үлджээ. Түүнчлэн Манж, Хятад бичээсүүдийн зэрэгцээ 1920 оны Монгол бичээс, бүр сүүлийн үеийн түүхэн ач холбогдолгүй крилл бичээс ч энд тэндгүй бий.
150 орчим бичээсийн хамгийн эртнийх нь VI-VIII зууны Түрэгийн хаант улсын үеийн “Орхон Енисейн бичиг” хэмээн алдаршсан руни бичиг болно. Энэхүү голын хөндийд ганцаараа сүндэрлэн орших өнчин ганц цохио Тайхар чулуу бол газрын гадаргын хувьслаар өөрчлөгдөн тогтож үлдсэн байгалийн чухал ховор дурсгал, хүний эрт үеийн бичиг үсгийн түүхт дурсгал болох учир геологи, газар зүй, түүхийн ухааны болон ард түмний анхаарлыг эртнээс нааш татсаар ирсэн. Аман зохиолын чанартай үлгэр, домог бүхий сонин сайхан цохио тул замд тохиолдсон хол ойрын хүмүүс сонирхон үзэж сэтгэлээ сэргээдэг юм. Тайхар чулууг 1998 онд улсын хамгаалалтанд авсан.
Тайхар чулууны талаар янз бүрийн домог байдагч үүнээс нэгийг хураангуйлан өгүүлбээс: Эрт урьд цагт энэ нутагт их гэрийн чинээ толгойтой, өртөө илүү урт биетэй аварга могой газар дороос гарч ирэн хавийн хүмүүсийг ховх сорж хавьтсан амьтан малыг хамж залгиад амар заяа үзүүлэхгүй гамшиг тарьж байв. Аймшигт могойг дарахаар Бөхбилэгт хэмээгч нэгэн эр Булган уулын оройгоос бул чулуу мултлан авч үүрээд Цагаан даваагаар давж ойрх нэгэн уулын оройгоос могойн аварга толгойг дайруулан шидэж арайхийн дарж авчээ. Тэрхүү нүсэр хүнд чулууг тэр үед Тархи чулуу хэмээн нэрлэсэн авч сунжирсаар сүүлдээ Тайхар чулуу гэж нэршин хувирчээ. Эгнэшгүй хүчит Бөхбилэгт чулууг үүрч явахдаа Шивэрт хэмээх аманд хэсэг амарч босохдоо хүч нэмэрлэн шүү-шаа хэмээн дуу шуу болон боссон учир мөнөөх газрыг Шүүшаа Шивэрт хэмээн нэрийдэв. Аварга могой чулуунаас мултрахыг оролдож байсан учир Бөхбилэгт нум сумаар нуруун дээр харвасанд хөдлөхөө болив. Өдгөө өндөр уулын оройгоос юмуу нисэх онгоцноос ажиглавал чулуун дээр нум сумтай төстэй дүрс ногоорон харагддаг гэдэг. Мөн тогойн сүүл цухуйсан газрын хэсэг чулуугаар дарсныг Сүүл толгой буюу могой толгой гэжээ. Бүр хожим тэр аварга могойн газар шороо болон тагтаршсан зоо нурууны гүвээн дээр нь Сайд вангийн хүрээ буюу Хан-Өндөрийн хүрээг байгуулсан домогтой.

Хануй гол Хангайн нуруунаас эх авч зүүн хойшоо 421 км урсаад Сэлэнгэ мөрөнд нийлдэг. Талбайн хэмжээ 14620 хавтгай дөрвөлжин км болно. Хануй голын хөндий Хүнүй голын бэлчир хүртэл 1-3 км өргөн хэсгүүд салаавчилж түүнээс доошлох тусам 20-30 метр гүн эгц хүрмэн хавцал дундуур урсана. Гольдролын өргөн эхний хэсэгтээ 20-30 метр бол адагтаа 50-80 метр хүртэл өргөснө. Усны гүн ч мөн адил адаг руугаа нэмэгдэж цээл цүнхээлд 2.5 метр болдог. Урсгалын дундаж хурд 1.2 м/сек.

Чулуут гол түүний хавцал Чулуут гол нь Хангайн нурууны Эгийн даваанаас эх авч хойшоо 415 км урсаад Идэр, Дэлгэрмөрөнтэй нийлж Сэлэнгэ мөрөн болдог. Чулуут гол Тээлийн голын адгаас Ацатын гол хүртэл 100 км-т эгц гүнзгий /20-д м/ хүрмэн чулуун хавцал дундуур урсах нь нэн сонин. Энэ хүрмэн чулуу нь Хорго ба түүний хавийн галт уулаас бялхан гарсан магма юм. Түүний хөндий эхэндээ давцуу байдаг ч доошлох тусам өргөжиж тэлнэ. Түүний зүүн талаас Тэрхийн цагаан нуураас эх авах Суман гол цутгаж Чулуут голын өргөн, усжилтын талбайг нэмэгдүүлдэг. Дээрх 2 голын бэлчирээс доош ойрхон орших 2 метр орчим эгц хад руу бууж үүсгэсэн Чойдогийн боргио хэмээх байгалийн үзэсгэлэнт газар аялагч жуулчдын сонирхолыг татах тогтоц бөлгөө. Гольдролын өргөн эхэндээ 20-30м, дунд хэсэгтээ 20-60м , адагтаа 70-80м байна. Голын гүн 0.5-2.25 м, 11 сарын дундуур хөлдөж 4 сарын сүүлчээр гэснэ. Хавцал нь 50-60метрийн өндөр. Чулуут голд Сэлэнгийн савд байдаг загас элбэг. Чулуут голын савд Чулуут, Улаан эрэг гэдэг гидрозарбанат сульфат натрийн найрлагатай сайн рашаан бий. Чулуут, Тариат, Жаргалант, Цэцэрлэг сумуудын нутгаар орших Чулуут голын хадны сүг зургийг 1998 онд улсын хамгаалалтанд авчээ.
Зуун салаа мод Хойд Тамир, Хануй гол гатлаад үзэсгэлэнт Хорго уулын чиглэлд Бугатын нурууны давааг давж, Чулуут гол руу уруудах төв замд “100 салаа мод” буюу ой дундах нэгэн аварга том шинэсэн мод байдаг. Уг мод нь 1.5 метр голчтой, зуугаад хол давсан салаа мөчиртэй, 4-5 хүн тойроод гараа алдлахад бүтэн ороох хэмжээний аварга том шинэс мод юм. Нутгийн хүмүүсийн хуучилдгаар тус модыг 100 гаруй жилийн тэртээгээс хүндэтгэн тахиж, өргөл барьц болгон хадаг, мөнгө, бүс торго, мориныхоо дэл сүүлээс өлгөж, уяж чимэглэдэг байжээ. Энэ нь тухайн хүний аян замын ажил үйлс бүтэмжтэй, олз ашиг ихтэй, баяжин дэлгэрч явна гэсэн утгатай юм. Үүнтэй уялдуулан нэгэн домог өгүүлэхэд:
Ханхар том биетэй хар мод /шинэс/ үзэсгэлэнт заг мод хоёр хамт ургадаг байжээ. Нэгэн өдөр тэд амьдрал юун дээр тогтдог талаар маргалдаж гэнэ. Хар мод амьдрал усан дээр тогтдог гэхэд заг мод наран дээр тогтдог хэмээн их маргалдсан тул хэн хэнийхээ зөв болохыг нотлохын тулд уулынхаа /Хангай нуруу/ 2 талд амьдарчээ. Тэд салсныхаа дараа амьдралд нар, ус, агаар аль аль нь чухал хэрэгтэй болохыг ойлгоцгоожээ. Тэгээд Хангайн нуруунаас хар мод нь Загийн голыг /Баянхонгор аймгийн нутаг/ урсгасан домогтой гэнэ.
Хорго-Тэрхийн цагаан нуурын байгалийн цогцолборт газар нь Хангайн нурууны төв хэсэгт оршино. Хангайн нурууны төв хэсэгт орших Хоргын галт уул, Тэрхийн цагаан нуур, суман голын хөндий хосолсон үзэсгэлэнт нутагт социализмын үеэс аялал жуулчлалыг нэлээд эрчимтэй хөгжүүлж ирсэн бөгөөд байгалийн үзэсгэлэнг үзэж сонирхдог, рекреацийн нөөц бүхий газар болохыг харгалзан тусгай хамгаалалттай газар нутгийн шинэ хуулийн дагуу уг дархан газрыг өөрчилж 1995 онд УИХ-ын 26-р тогтоолоор байгалийн цогцолборт газар болгосон. Нийт талбай нь 77.2 мян. га. Олон улсын ач холбогдол бүхий ус намгархах газрыг хамгаалах Рамсарын конвенцийн жагсаалтанд хамрагдаад байна. Байгалийн цогцолборт газар нь уулын ойт хээрийн, уулын хээр зонхилсон ландшафттай, д.т.д дунджаар 2100-2500метр өндөрт өргөгдсөн хамгийн нам газраа 2060 метр, хамгийн өндөр 3130 метр болно.
Энэхүү байгалийн цогцолборт газрын хойд захаар Тарвагатайн нурууны өмнөд салбарын Шарлан, Хутаг, Дуут, Сантын булуу тогооны хясаа зэрэг ухаа боржин асмалжин хадат их сарьдаг уулс, өмнөд захаар нь Тэрх, Гичгэнэ, Чулуун голуудын усны хагалбар болох Мөстийн нуруу, түүний оргилууд, Уран мандал, Алтайн малгай, Олдох, Суварга, Барчин зэрэг уулс болон Хэрдэг-Ардагийн нуруу зэрэг хадат ойт уулс хүрээлнэ. Зүүн зах нь чулуут суман голын бэлчир, баруун зах нь Хөдөө нуур болно. Тус байгалийн цогцолборт газарт хур тунадас ихтэй. Жилд дунджаар 350-400мм тунадас унана.


Геологийн тогтоцын хувьд эндэхийн уулс нь эрт төрмөлийн эриний дунд үеийн липаритет, порфир, андезит, мөлгөр хөрзөн, элсэн чулуу, шохойн чулуу, шаварлаг занар зэрэг чулуулгаас голлон тогтоно. Голуудын хөндийд дөрөвдөгч галавын хүрмэн чулуу, делюви-пролювийн зузаан хурдас, уулын ам хөндийн эх орчмоор мөсөн голын хурдас түгээмэл тархана. Цогцолборт газрын нутаг дэвсгэрт ойт хээр, хээр, усны амьтад голлон оршино. Уулаар буга, гахай, бор гөрөөс, хэрэм, жирх, чандага, тарвага, зурам байхаас гадна өмхий хүрэн, мануул мэр сэр тохиолдоно. Хорго-Тэрхийн цагаан нуурын байгалийн цогцолборт газрын нутаг дэвсгэрийн нилээд хэсгийг Тэрхийн цагаан нуур эзэлнэ...

Тэрхийн цагаан нуур Хангайн нуруунаас эх авсан хойд , урд Тэрхийн голын урсгал , Хорго галт уулын халуун хайлмал бодисод боогдон үүссэн цэнгэг уст нуур бөгөөд 16 км урт, өргөн нь 4-10 км, гүн нь 20 хүртэл метр зууван гонзгой хэлбэртэй нийт 61 км 2 талбайтай. Тэрхийн цагаан нуур д.т.д 2060 метр өндөрт орших ба Тэрхийн гол, нуурын хойноос доод Нарийн, Шанаат, Нарийн, Өвөрт, Сорт, өмнөөс нь Өлт, Элст, Ар Сорт, Архаг чулуут зэрэг олон гол горхи цутгаж ганц Суман гол эх аван урсана. Тэрхийн цагаан нуурын хойд захад Шанаатын булан, Их мухар, Өвөр сорт зэрэг булан тохой, Ар үзүүр, Өвгөн хад хэмээх хошуу байхаас гадна урд захдаа Жооройн булан гэдэг том булантай. Мөн нуурын баруун хойд хэсэгт нуурын түвшнээс дээш 28 энэ толгой хүрмэн чулуугүй, эртний далай тэнгисийн хурдас чулуулгаас тогтох бөгөөд энд Санхам гэдэг шарилжийн төрөлд хамрагдах сайхан үнэт ургамал битүү ургана.
Тэрхийн цагаан нуурын ёроол овон товон гадаргатай тул гүнээрээ харилцан адилгүй, хамгийн гүнзгий газраа 20 метр хүрнэ. Нуурын хойд хэсэг нь Тарвагатайн нуурны салбар уулсаар хүрээлэгдэх тул нөмөр дулаахан, усны температур зуны цагт өнгөн хэсэгтээ 15-19 градус, ёроолдоо 8-12 градус хүртэл дулаан байдаг нь амрагч, жуулчдын усанд орж наранд шарахад таатай нөхцлийг бүрдүүлнэ. Нуур өвөл 11 сарас 5 сарын сүүлч хүртэл мөсөн бүрхүүлтэй байх ба мөсөн бүрхүүлийн зузаан нь 1.0-1.5 метр хүрнэ.
Тэрхийн цагаан нуурын Толгойд гогой зуны цагт олноороо цугларч өндөрлөдөг. Энэ нууранд цурхай элбэг. Мөн буга, бор гөрөөс, гахай, аргаль зэрэг ховор ан амьтад, ангир, нугас, гогой зэрэг усны шувууд олноороо цугладаг.


Тэрхийн цагаан нуурын домгийг сонирхуулбал: Нуур буй газар урьд өвс тэжээл сайтай уужим тал байжээ. Тал дунд нэг худаг байсан бөгөөд нэгэн өдөр өвгөн эмгэн 2 энэ худгаас ус аваад худгаа таглахаа мартчихжээ. Тэр шөнө худаг нь оргилж алтан дэлхийг усны үер авах аюул болох үед Бөхмандал гэгч нэгэн хүчтэн Уран мандал уулын оройг тасдан аваад худгийн ам руу шидэн хаасанд хальсан ус нь Тэрх цагаан нуур бий болжээ. Гэнэт их нуур тогтсоныг нутгийн нэг хүн хараад тэр их нуурыг хараач гэсэнд уг нуурыг ингэж нэрлэж байснаа хожим Тэрх болон хувирчээ. Бөхмандалын авчирч худгийн амыг хаасан гэх толгойг Чандмань толгой гэдэг бөгөөд үнэхээр ч Чандмань толгойг Уранмандал уулын оройд аваачаад тавьчихвал яг эвээрээ таарах шинжтэй юм.


Хоргын тогоо Хорго бол Архангай аймгийн Тариат сумын төвийн дэргэд Тэрхийн цагаан нуурын зүүн, Суман голын хойд биеэр орших хэдхэн мянган жилийн өмнө / эрдэмтэд 8 орчим мян жилийн / оргилж байгаад унтарсан галт уулын хүрмэн чулуун гадаргат нутаг бөгөөд аймгийн төвөөс 180км. Хорго бол сумын нутаг дэвсгэр дэх галт уулын 32 тогооны хамгийн том, Тэрхийн цагаан нуур, Суман голын уулзварыг хөвөөлөн чимэглэсэн байгалийн өвөрмөц, сонин тогтоцтой, ан гөрөөс, загас жараахай, жигүүртэн, жимс жимсгэнэ, эмийн ургамлаар баялаг, хушин ба хар модон ойн төгөл, хадан “гэр”, мөсөн “зоорь”, агуй хэлбэртэй домогт газар юм. Хорго нь баруунаас зүүн тийшээ 8-9км, хойноосоо урагшаа 7-8км шахам ойролцоогоор 56-60км2 талбайтай. Тэнд хүрмэн хадан хонгил агуй, нүх, хонхор гүдгэр, энхэл донхол зэрэг хоргодох далдлах газар ихтэй учраас Хорго хэмээн алдаршжээ.
Хоргын тогоо нь хамгийн сүүлд унтарсан залуу уул юм. Энэ уулын амсар хүрээ хөндлөнгөөрөө 300-400 метр, өрхийн гүн нь 70 метр, тогооны гадна талын хажуу 35-40 градус, дотор талын хажуу 45-50 градусын уруу, өрхөн дотроо нуургүй хуурай, түүгээр нь бүлээн уур савсаж ид өвлийн хүйтэнд бөөн бөөн цагаан цан хүүрэг тогтдог тул галт уулын тас хар энгэр хажуугаар хэсэг хонь байгаа мэт цайрч үзэгддэг. Хоргын тогооны хүрмэн хад болон нүх сүвээр гарч буй бүлээн уур хийн илчинд цас огт тогтохгүй бөгөөд орчин тойрондоо дун цагаан байхад энэ уул ганцаараа хав хар харагдах нь нэн сонин. Хоргын тогоо уул нь 200 орчим метр өргөн, 100 гаруй метр гүнзгий бөгөөд давхар амсартай тогоотой. Хоргын урд хэсгээр халуун лавын царцах үеийн хийн хөөсний хальсанцараас үүссэн хүрмэн чулуун гэрүүд бий. Зарим чулуун гэр нь “үүд” , “тооно”-той , өндөр нь 1.7 метр хүрдэг. Мөн агуй, хонгилоос гадна Шар нохойн там, Чонын үүр мэт сонин тогтоцтой газар ч цөөнгүй. Хоргоос урагш хэд хэдэн унтарсан галт уул орших бөгөөд эндээс эрдэнийн чулуу олдсон байна. Хоргын хавь нутагт буга , бор гөрөөс , аргаль , гахай зэрэг ховор амьтад , ангир , нугас зэрэг шувууд бий.


Хорго нутгийн домогт газруудын нэг нь шар нохойн там юм. Энэ нь газрын доргилтоос доош сууж цөмөрсөн уртаараа 40 орчим, өргөнөөрөө 20, гүнээрээ 30-аад метр том нүхэн ангал билээ. Эрт урьд цагт энэ нутагт үзэсгэлэнт Сумандарь охинтой, сэгсгэр биерхэг, хүн ойртуулдаггүй зэрлэг шар нохойтой Гэлэнхай гэдэг өвгөн байжээ. Сумандарь охин нутгийн хархүүд дурлажээ. Тэднийг уулзах гэхэд нь зэрлэг шар нохой нь хархүүг хавьтуулахгүй байж. Хүсэл мөрөөдөл хайр сэтгэлд автагдсан Сумандарь охины сэтгэлийн тэнхээ алдарч галзуурчээ. Охины бие улам муудаж Гэлэнхайч оточ домч нар залан эцэст нь нэгэн мэргэн ламд очиж нүгэл хилэнцийг нь салгаж, амь насыг нь аврах арга байна уу гэхэд нөгөө лам танайд хүн зуудаг нохой байна, түүнийгээ устга тэгвэл охины чинь амь нас аврагдана гэж айлджээ. Өвгөнд хань болсон нохойноосоо сална гэдэг хэцүү байсан ч хаана яаж устгахыг асуувал нутгийнхаа том хадан хонгилд амьдаар нь хая, өрөвдөж хоол хаяж өгч болохгүй гэжээ. Гэлэнхай өвгөн нохойгоо хадан ангал руу хаяж хоол өгөлгүй 7 хоноход шар нохой үсэрч гарахаар цамнаж бэртээд өл хоолгүй тамлагдан үхсэнээс хойш шар нохойн там болсон юм гэсэн домог үе улиран яригдсаар байна. Удалгүй Сумандарь охин сэтгэлт хархүүтэйгээ уулзан эмээр дийлээгүй өвчинг хайр сэтгэлээр эмчилж айл болон амьдарсан гэдэг.


Энэ нутагт саатваас газрын хөрсийг таглахаа мартсан эмгэний буруугаас тогтсон Тэрхийн цагаан нуурын усанд шумбаж, нуурын дундах Чандмань толгойд өвөлжин сайхан үнэрт өвсөөр нь үсээ угааж урт гэзэгт болсон Цэрэндулам эмгэний тухай домог сонсож, Сумандарь охины хайр дурлалыг аврахаар аймшигт нохойг хийсэн Шар нохойн тамыг үзэж байгалийн бэлэн хөргөгч мөсөн зооринд зуны халуунд сэрүүцэн, гэр шиг тогтоцтой чулуун өргөөнүүдэд зочилж, галт уулын том тогоон дээр гарч гайхамшгийг бишрэн уулын буга, усны минж, талын тарвага, нуурын тул загастай учирч 9 хүсэл тань биелж нас нэмэх болно.
Ийнхүү Хорго болон түүний орчмын ховор сонин тогтоцтой галт уул, хүрмэн хаданд битүү ургасан ой мод , Суман, Чулуут , Гичгэнэ голуудын хүрмэн хавцал , цэвэр тунгалаг нуур ус зэрэг нь аялагч жуулчдын сэтгэлийг татсан үзэсгэлэнт сайхан нутаг юм.

Хөдөө нуур нь Архангай аймгийн Тариат сумын нутагт Тэрхийн цагаан нуураас баруун тийш 0.5 км зайтай, 2061 метр өндөрт оршино. Тэрхийн голын хөндийг галт уулын хүрмэн чулуун лаав боосноос үүсч тогтсон цэнгэг устай нуур юм. Хөдөө нуур нь 10.9 км2 талбайтай, 5 км урт, 3.2 км өргөн, эргийн шугамын урт 15.6 км, 3.1 метр гүнтэй. Тус нуур Тэрхийн цагаан нуураас тасарсан ч нарийн хоолойгоор холбогдоно. Тэрхийн цагаан болон Хөдөө нуурт цурхай, алгана, тул, зэвэг зэрэг 10-аад зүйлийн агнуурын загас бий. Хөдөө нуур нь Хорго-Тэрхийн цагаан нуурын байгалийн цогцолбор газарт багтах бөгөөд тус цогцолборын хамгийн баруун талын зах нь болдог.

Дадгын амны хүн чулуу Архангай аймгийн Тариат сумын нутаг, сумын төвөөс баруун хойш 30-аад км зайтай Хөдөө нуурын хойд бие Дадгын өвөлжөө хэмээх газарт 2 хүн чулуу бий. Түүний нэгийг саарал боржин чулуугаар босоо хүний дүрс оруулан урлажээ. Хийц уран бөгөөд толгой, бие нь бүтнээрээ үлдсэн байна. Толгойдоо гозгор оройтой, 2 чихэвчийг дээш нь сөхсөн малгай өмсжээ. Дээл нь зөв энгэртэй бөгөөд дээлийн дотроос цамцны зах цухуйж харагдана. Баруун гараар элгэндээ гялгар аяга барьж зүүн гарыг доош унжуулжээ. Чихэндээ бөөрөнхий чимэг бүхий ээмэгтэй. Хэмжээ нь 175х62х30 см. Энэ хүн чулуу дөрвөлжилж зассан чулуун хашлагын зүүн өмнө орших ба хүн чулууны араас баруун хойд зүг чиглүүлэн босгосон зэл чулуутай, үүнээс 23 ширхэг нь мэдэгдэж байна. Хоёрдахь хүн чулуу нь дээрх хүн чулуутай зэрэгцэн нэгэн ерөнхий овгор тавцангийн дээр оршино. Саарал шаргалдуу боржингоор хийсэн, хийц, загвар түрүүчийнхтэй ижил бөгөөд толгой нь хугарч алга болжээ.

Тариатын хүрээ Сайн ноён хан аймгийн Далай чойнхор вангийн гол хүрээ буюу сайнаар судлагч нэртэй энэ хүрээг 1698 онд үүсгэн цогчин хурлыг 10 ламтай хурсан боловч цагийн хөл үймээнээс төдийлөн өргөжиж чадсангүй он удаан жил болжээ. 1793 оноос сүм дуган барих ажилд шамдан орж голдуу модоор богино хугацаанд 45 дуган барьжээ. Эдгээр олон дуган бүхий хэсгийг хуучин хүрээ буюу зүүн хүрээ гэж нэрлэж байсан. XIX зууны эхнээс тоосгон дугануудыг барьж эхэлсэн бөгөөд эдгээрийг баруун хүрээ гэж нэрлэх болжээ. Энэ 2 хүрэээнд 1824 онд Чойр дацан, 1825 онд Жүз дацан, 1840 онд Майдарын сүм, 1889 онд Зонхова Богдын сүм зэргийг бүгд тоосгон туургатай барьсан байна. Бурхан шүтээний байгууламжуудыг голчлон Монгол урчууд бүтээж лаврин, чойр, цогчин, голончойр зэрэг олон сүмийг тус хошууны Гүр мужаан тэргүүтэй урчууд шинэчлэн барьжээ.1836 онд Нүхтийн хүрээ, 1861 онд Арын хүрээ, 1867 онд Зоогийн хүрээ, түүнчлэн Хөөнгийн хүрээ, Баянжаргалын хүрээ, Нарийний хүрээ, Загастайн хүрээ зэрэг их бага хүрээнүүд Тариатын хүрээнд тулгуурлан харъяа салбар маягтай үүссэн. 1937 онд Тариатын хүрээ нь 14 дацан, 22 сүм, суварга, 14 жас 1000 ламтай Халхын томоохон хийд байлаа. 1939 оны эсэргүү бослогын гол тэмцэл төвлөрөн байсны учир хувьсгалт хорооныхны бөмбөгдөлтөнд өртөж эвдэрсэн. 1990-ээд оноос хуучин хошуу нутгийнхны сэтгэлийн дэм, хандив хөрөнгөөр хурал номоо дахин сэргээсэн түүхтэй.

Ороохын даваа Тарвагатайн нурууны Загастайн Гялгар уулаас зүүн тийш, Солонготын даваанаас зүүн урагш их замын зүүн талд орших 3021 метр өндөр уулыг Ороохын даваа гэнэ. Хөвсгөл аймгаас Архангай аймгийн чиглэлд явахад Тарвагатайн нурууг давах гол зам нь Ороохы давааны зам юм. Ороох уулыг хойноос зугуухан ороож өгссөөр 10 км шахам замыг туулж даваан дээр гардаг учир Ороохын даваа хэмээн нэрлэсэн. Ороохын даваагаар Хөвсгөл, Архангай аймгийн хилийн дээс өнгөрдөг. Давааг араас өгсөхөд Тойн гол дээр модон гүүртэй. Жаргалант сумын төвөөс Ороохын давааны овоо хүртэл 45 км. Давааны овооноос Архангай аймгийн Тариат сумын төв хүртэл 50 км, мянганы зам дайрдаг, тэрхийн голын төмөр бетонон гүүр хүртэл 30 км зайтай. Ороох уулын замыг ороож зассан.

Арын хүрээ Далай Чойнхор вангийн хошууг ар өвөр хамжлагад хувааж байжээ. Тус хошууны ар хамжлага буюу одоогийн Жаргалант сумын нутгийн Тойн голын эхэн хэсэгт Арын хүрээг 1880 онд байгуулжээ. Хүрээг хаана байгуулах талаар Төвдийг Лхаст хошуунаасаа бие элч илгээн, Далай лам Ванчин богдод айлтгаж байсан гэдэг. Хүрээ байгуулах газар нь уул нурууны завсар, ой мод ихтэй учир дулаан цагт ном хурал хурахад ялаа шумуул үймэхгүй гэж их уулын нэгэн өндөрлөг газрын толгойг сонгон оройг нь тэгшлэн засаж, гол цогчин дуганаа босгон аравнайлж, бэлээс нь дуган хүртэл боржин чулуугаар 108 гишгүүртэй шат хийсэн байна. Гол дуганаас доохно хэд хэдэн засмал чулуун суварга, тахилын сүм байжээ. 1866 онд Чойр дацан байгуулж 1892 оноос Цамын бүжиг гаргаж байв. Хүрээнд 500-аад лам сууж хурал ном хурдаг байсан ба Арын хүрээний сүм дуган хийц, ур сайтай байсан байна. Хүрээнд 2 метр урт, алтаар шарж урласан гоёмсог хйицтэй, 2 их бүрээ байсан нь одоо сумын музейд хадгалагдаж байна. Хүрээний хурал ном 1930-аад оны сүүлээр зогсож, лам хуварга нь тарснаас сүм дуган сүйтгэгдэж үгүй болсон ч 1990-ээд оны эхээр шашин номын ажил сэргэж эхлэх үед Арын хүрээний цогчин дуганы буурийн дээр шинээр дуган барьсан байна.

Хөвсгөл аймаг 1931 онд байгуулагдсан бөгөөд 100,6 мянган км 2 газар нутагтай. Аймгийн төв Мөрөн хот нь Дэлгэр мөрний хөндийд д.т.д 1283 км өндөрт Улаанбаатар хотоос 671 км зайтай оршино. Аймгийн нутгийн баруун ба зүүн хэсэг нь уулархаг бөгөөд ихэнх хэсгийг ой хөвч эзэлнэ. Аймгийн нутагт Хөвсгөл, Сангийн далай, Доод зэрэг том нуур, Сэлэнгэ, Дэлгэр , Эг зэрэг том мөрд бий. Дархад, Халх, Хотгойд, Урианхай, Буриад, Уйгар ястнууд амьдардаг, олон ястны нутаг. Хилийн боомт Ханхаар ОХУ руу гарч болно. Тус аймгийн Хөвсгөл нуур цэнгэг тунгалгаараа дэлхийд тэргүүлж, талбайн хэмжээгээрээ Ази тивд аравдугаарт, Монгол оронд хоёрдугаарт, мөн гүнээрээ Төв Азид хоёрдугаарт ордог байна. Хөвсгөл аймгийн нутагт 1905 оны газар хөдлөлөөр үүссэн дэлхийн хамгийн урт бөгөөд хамгийн шулуун хагархайн хэсэг байдаг.

Галт сум Сайн ноён хан аймгийн Далай Чойнхор вангийн хошуу, хожим нь Цэцэрлэг мандал уулын аймгийн Чандмань-Өлзийт Далай хошууны Гол баг болж байгаад 1931 онд Архангай аймгийн Идэр сум нэртэйгээр байгуулагджээ. 1942 онд Архангай аймгаас Хөвсгөл аймагт шилжиж, 1956 онд татан буугдаж, зэргэлдээх Чандмань сумтай нэгдэж, 1959 онд дахин салж “Галт” сум нэртэй болсон байна. Сумын нутаг дэвсгэр нь 359.6 мянган га бөгөөд өндөр уул нуруу, өргөн гол мөрөнтэй. Гүрт, Яргайт, Хайрхан, Алтаадын өндөр уулс нурууд, Идэр, Чулуут, Хужирт, Нүхт, Их харганы гол горхи нь уулусны орон болохыг илтгэдэг. Төрөл бүрийн өнгөт чулуу, улаан зос, цагаан, шар, ногоон өнгийн шороон будаг, усан болор, хар тугалга, төмрийн хүдэр, жонш зэрэг байгалийн баялаг ихтэй.сумын хүн ам үндсэндээ Халхчууд. Сум 5 багтай бөгөөд Идэрээс 168 км, Улаанбаатар хотоос 837 зм зайтай.

Тарвагатайн нурууны байгалийн цогцолборт газар Хангайн нурууны төв хэсгийн байгалийн онцлогийг төлөөлсөн, байгалийн үзэсгэлэнт бөгөөд унаган төрхөө хадгалан үлдсэн Монгол орны хамгийн том гол Сэлэнгэ мөрний эх, ус хагалбарын муж болох онцлог, түүх соёлын ач холбогдол, эмчилгээний чанартай рашааны их нөөц, амралт, аялал жуулчлалыг зохион байгуулалттайгаар хөгжүүлэх өргөн боломж зэргийг харгалзан Тарвагатайн нурууг байгалийн цогцолборт газрын ангиллаар улсын тусгай хамгаалалтад авсан бөгөөд УИХ-ын 2000 оны 29 дүгээр тогтоолоор батлагдсан. Нийтдээ 545.6 мян. га талбайг эзлэн оршдог. Тарвагатайн нуруу нь Хангайн нуруунаас зүүн хойшоо бараг перпендикуляр чиглэлээр салбарлах бөгөөд нурууны зарим оргил 3100-3200 м хүртэл сүндэрлэнэ. Уулсын орой хяр хавтгайдуу бөмбөгөр хэлбэртэй, ар хажуу нь харьцангуй налуу, харин өвөр хажуу нь эгц, богино бөгөөд Тэрхийн голын хөндий рүү харсан эрэгцэг үүсгэдэг, уулсын хоорондох хөндий хотгор овоо өргөн тавиу байна. Байгалийн мужлалын хувьд Тарвагатайн нуруу нь Хангайн уулт өндөрлөгийн төв хэсгийн өндөр уулын нуга, ян сарьдагийн дэд мужид багтах бөгөөд Идэр, Тэрхийн голын хооронд сунаж оршихдоо гүн хөндий, эгц цавчим хажуу бүхий 2567-3226 м өргөгдсөн Марз, Содвон, Зүрхийн хүнх, Улаан хүнх зэрэг уулсаас бүрдэнэ. Гол оргил болох Содвон уул далайн түвшнээс дээш 3240 м, Загастайн уул 3161 м хүрнэ. Хангайн өндөр уулын чийглэг сэрүүн мужид багтдаг. Асга чулуугаар хучигдсан усны хагалбар уулс, эгц хажуутай гүн хавцал, галт уул, мөстлөгийн гаралтай хотгор гүдгэр түгээмэл юм. Тухайлбал Хар анаг, өвөр цагаан сайрын ам, Түргэн, Гөрөөстийн зэрэг олон үзэсгэлэнт хавцлууд бий. Тарвагатайн голууд Умард мөсөн далайн болон Төв Азийн гадагш урсгалгүй ай савд хамаарна. Эндээс Сэлэнгэ мөрний томоохон цутгал Идэр, түүний цутгал голууд болох Тарвагатай, Дунд эх, Хар чулуут, Тал, Хожуул, Ямаат, Тэгш, Зарт, Дээд, Доод Цэцүүх, Хөнжлийн голууд эх авдаг. Мөн галт уулын гаралтай бүлэг жижиг нуурууд элбэг тохиолдоно. Тарвагатайн нурууны ар хажууд уулын тайгын ширэгт, чандруувтар ширэгт, уулын тайгын цэвдэгт хөрс нилээд өргөн зурвасаар тархаж битүү босоо бүслүүр үүсгэсэн байна. Уулын бэл хормойн хотос нам газраар нугат хар шороон хөрс уруугаа ам хөндийн нугын ба нугат намгийн хөрсөнд шилжинэ. Ургамал нөмрөгт өндөр уулын тагийн ургамал зонхилох бөгөөд уулсын дээд хэсгээр хуш шинэсэн ойтой. Монгол улсын улаан номонд орсон сибирь хундагана, ягаан цээнэ, эмийн бамбай, ганцэцэгт алтанзул зэрэг ховор ургамал ургадаг.
Амьтдаас Хангайн нуруунд тархсан амьтад бүгд байх бөгөөд буга, бор гөрөөс, шилүүс, хүдэр, аргаль, янгир, чандага, үнэг, хур сойр, тарвага бий. Олон зүйлийн ховор шувуудтай. Энд улс, аймгийн хамгаалалтад байх шаардлагатай буган хөшөө, чулуу, хадны бичээс, эртний булш, хиргисүүр зэрэг түүх соёлын дурсгал элбэг тохиолдоно. Тарвагатайн нуруу нь халуун рашааны 3-р мужид багтдаг. Энд Хожуул, Зарт, Галт-Халуун ус, Цэцүүх, Хөнжил, Салбарт зэрэг 6 халуун рашаан нурууны арыг дагаж жагссан мэт буюу тектоник хагарлыг дагаж бүгд нэг шугаманд зэрэгцэн оршдог нь байгалийн ховор өвөрмөц сонин тогтоц мөн. Ялангуяа рашаан амралт, сувилал, аялал жуулчлал хөгжүүлэх өргөн боломжтой газар юм.

Идэрийн гол Хангайн нурууны ар хажуугийн 2700 метр өндрөөс /Бага Отгонтэнгэр уулаас/ эх авч Булнай, Тарвагатай нурууну хоорондуур давчуу хөндийгөөр урсана. Тус гол 452 км урсаад Дэлгэр мөрөнтэй нийлээд Сэлэнгэ мөрөнд цутгадаг. Ай савын талбай 24555 км2, усны олон жилийн дундаж зарцуулалт дунд хэсэгтээ 36.4 м 3/с адагтаа 56.4 м3/с. Тосонцэнгэл орчимд олон салаа татуурга үүсгэнэ. Голын үндсэн өргөн 40-60 метр, салаа татуургын өргөн нь 10-15 км орчим болно. Усны гүн нь 0.7-2 метр, цээл цүнхээл хэсэгтээ 3.5 метр гүн. Идэр гол нь уулын голын шинжтэй түргэн урсгалт гол бөгөөд урсгалын хурд нь 1.5-2т/сек. Түүнд Чулуут, Хожуул, Зарт , Дээд , доод Цэцүүх, Хөнжил гэх мэт олон гол горхи цутгадаг. 10 сарын дундаас 4 сарын эх хүртэл 170-180 хоног мөсөн бүрхүүлтэй байдаг. Сэлэнгийн савд байдаг загас элбэгтэй. Идэрийэ гол нь ямар ч ганд автаж үзээгүй их уст элбэг баян мөрөн тул нутгийнхан нь Идэр ижий хэмээн хүндэтгэн шүтдэг.

Гэлэнхүүгийн суврага Хөвсгөл аймгийн Жаргалант сумын төвөөс хойд зүгт 10 км зайд манай “ГалтХУРС”-аас 45 км зайд уулын дөрөлж дээр нэгэн суврага байх ба үүнийг Гэлэнхүүгийн суврага гэдэг. Тус нутагт амьдарч байсан Гэлэнхүү гэдэг хүн насны эцэст өөртөө зориулж бүтээн босгосон байна. Энэ хүн 1880 аад оны сүүл 1890 ээд оны эхээр төрж, 10 орчим насандаа хүрээ хийдэд шавилан суусан хэдий ч шашны ном, зан үйлтэй тэрсэлдэн хөөгдөж хөдөө гарч амьдарчээ. Угаас сэргэлэн цовоо, олон талын зүйлийн сонирхон монгол хүний ухаанаар сэдэж бүтээх ажил олныг хийж байсан нь өнөөг хүртэл нутгийн олонд домог болж хуучлагдан үе дамжин ярьсаар иржээ. Тэрээр өөрийн төрж өссөн дэвүүр гэдэг газар тарвага нутагшуулах, голын усыг боон шуудуу татан ногоо жимс ургуулах болон ур дарх хийн олон түмэнд хүндэгддэг байсан нь 8-р Богд Жавзандамбаас “Жадамба” зэс барыг урлахад халхын нэрт урчуудтай хамт уригдан очиж бүтээлцэж байсан байна. Насны эцэст буян үйлдэхийн тулд өөрийн гараар сувраганд орох материалыг цуглууож шүншигт нь өөрийн дархны нарийн багаж хэрэгслэлийг хийн суврага бүтээн босгосон гэдэг. Сувраганы сэнтий нь 2,5 м2 эзлэн бумба, гонхорын хамт 3 м өндөр, улаан шаргал боржин чулууг засан хавтгайлан дөрвөлжлөн өрж шавраар чигжин босгожээ. Суврагыг барихдаа амыг нь зориудаар хойд зүг харуулан барьсан нь уг хүний сэтгэлийн илэрхийлэл байж болох талтай. Суврага нь ариун санваартан, бурхдыг сахиуслан хадгалах байр буюу түүхэн үйл явдалд зориулан уул газар нь барьж байгуулдаг барилгын байгууламж юм. Гэлэнхүүгийн суврага нь хувь хүний дурсгалын сувраганы төрөл зүйлд багтах юм. Аялалын замын нийт урт 45км.

Өндөр Гонгор /1883-1931/ Монголын хамгийн өндөр хүний нэг бол Пүрэвийн Гонгор юм. Ард олонд өндөр Гонгор хэмээн алдаршсан тэрээр Далай чойнхор вангийн хошуу, одоогийн Хөвсгөл аймгийн Жаргалант сумын нутагт 1883 онд төржээ. Түүний биеийн өндөр болоод бяр чадлын талаар домог болсон хууч яриа хөөрөө их байдаг. Тэрбээр 4 хүүхэдтэй байсны хоёр охины нэг нь Г.Бүдханд амьд сэрүүн байхдаа “Миний өвөө Пүрэвийнх олон хүүхэдтэй айл бөгөөд манай аав тэдний 3 дахь хүүхэд байсан юм. Аав багадаа тийм ч өндөр байгаагүй, харин гарын сарвуу урттай байсан гэдэг. Аав хоол их иддэг болохоор түүнийг жаахан шоодонгуй байжээ. Тиймээс аав жинчин дагаад их хүрээ явчихсан гэсэн. Нэг өдөр зах дээр явж байтал нэг хүн ирж, чамайг эзэн Богд хаан аваад ир гэсэн гээд дагуулаад явсан гэнэ. Ордныхон аавын биенд тохирсон хувцас хийлгэж, бүрэн хувцаслаад, минжин малгай өмсгөж өгсөн гэдэг. Нэлээд удсан хойно 2 лам дахин ирж, дагуулан айлд очиж, нэгэн эмэгтэйтэй уулзуулж, Богд эзэн та хоёрын заяа төөрөг таарах учир айл гэр бол гэсэн хэмээжээ. Аавыг ингэж Богд хаан гэрлүүлсэн гэдэг. Миний ээж Должинсүрэн их уран хүн байсан болохоор Богд эзний малгайг оёдог байсан ” хэмээн хуучилжээ. Богд хаан Гонгорыг их сангийнхаа даамал, Богдын зааны маллагчаар ажиллуулж байсан гэдэг. Ардын хувьсгалын дараа Гаалийн хороонд байцаагчаар хэсэг хугацаанд ажилласан байна. Америкийн байгалийн түүхийн музейгээс зохион байгуулсан Төв Азийн 3-р экспедицийн ахлагч, эрдэмтэн Рой Чемпен Эндрюс 1922-1925 онд Монголд судалгаа шинжилгээний ажлаар ажиллахдаа дэлхийг шуугиулсан нээлт хийсэн үлэг гүрвэлийн өндөг олж, нийслэл хүрээнд авчрахдаа Гонгортой уулзаж танилцан зургий нь янз бүрээр авч, өндрий нь хэмжин 2.36 метр гэж тодорхойлжээ. Зарим судлаачид 2.60 метр хүрдэг гэж бичсэн байдаг. Хосгүй өндөр байсан тэр моринд мордохдоо дөрөөлөлгүй хөлөө шууд давуулаад мордчихдог байж. Түүний эдэлж байсан хэт хутга Унгар улсын музейд байсныг тус улсад элчин сайдаар сууж байсан М.Жамсран 25 мянган форинтоор худалдан авч, улсын төв музейд өгсөн гэдэг. Тэрээр 1931 онд нутаг усандаа нас баржээ.